Хот дотроо төөрсөөр байх уу?

2016 оны 1 сарын 27

-Манай улсад айл бүү хэл албан байгууллагыг ч албан ёсны нэршил, хаягаар нь хайгаад олоход бэрх.  Улаанбаатараас  өөр “төөрдөг” нийслэл тун ховор-

Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвд боллоо. Өнөөдрийн хурлаар нийт 15 стандартыг нарийвчлан хэлэлцсэний дотор өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ  ашиглах тухай шаардлага анхаарал татсан юм. Телевиз гэх хамгийн хүртээмжтэй мэдээллийн хэрэгсэл айл гэрийн хойморт ямар ч цензургүй шахам хүрдэг. Тиймээс дэлгэцийн цаана хэдэн насны, хэн сууж болохыг тэрхүү стандартаар тогтоох байсан юм. Харамсалтай нь энэ удаагийн стандартчиллын  хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэнгүй. Боловсруулалт дутуу гэсэн шалтгаанаар буцсан энэхүү стандарт, шаардлага нь даруйхан шийдэх асуудлын нэг гэдэгтэй хуралдаанд ороцлогчид санал нэгдсэн бөгөөд ойрын хугацаанд сайтар боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мэдээлэл, харилцаа холбооны стандартчилалын техникийн хорооны танилцуулсан бас нэгэн чухал асуудал  нь нэгдсэн хаягжуулалт, хаягийн бичвэрт тавих шаардлага байлаа. Хаяг бол хүнд хамгийн түрүүн мэдээлэл өгөх чухал хэрэглэгдэхүүн. Манай нийслэлд ард иргэд, албан байгууллага, шуудангийн операторуудад өдөр тутам тулгамддаг хүндрэл нь хаяг тодорхойгүй байх. Тиймээс хаягийг нэг стандартад оруулах, хүнд ойлгомжтой форматаар бичих шаардлагыг Стандартчиллын үндэсний зөвлөлөөр хэлэлцэв.

Аливаа хаяг адрессийг амаар болон бичгээр дамжуулахад хамгийн товчхон ойлгомжтой байлгахын дээр хаягуудыг олон янзаар тайлбарладаг байдлыг цэгцлэх хэрэгтэйг энэ үеэр хөндөн ярилцлаа. Манайхан хаяг байршлыг өөрсдийн дасаж дадсан байдлаар тайлбарлах нь бий. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн Тамгын газрын  байршлыг хэлэхдээ ахмадууд нь Ялалт кинотеатрын хойно гэдэг бол залуучууд Тэнгисийн хойно гэх жишээтэй. Дэргэдэх Тусгаар тогтнолын талбайг л гэхэд Эрх чөлөөний талбай гэж нэрлэх нь бий. Энэ мэт зөрүүтэй нэршлийг халж, аман хэлцийг нэгтгэж,  одоо мөрдөж буй нэр, нэршлээр нь тодотгож заншихын чухлыг хөндлөө.

Түүнчлэн сүүлийн үед газар авч буй цахим худалдааг дэлгэрүүлэхэд энэхүү хаягжилтын шаардлага дөхөм болно гэж үзэж буй ажээ. Цахим худалдааны томоохон гарцууд болох eBay, Amazon, Alibaba гэх мэтийн олон улсад хүрээлэлтэй порталуудыг ашиглахад хаягжилт хамгийн түрүүн саад болдог байна. Хаяг тодорхой байгаад ойлгомжтой болох аваас нийгмийн дундаж давхаргынхны ашиг орлого нэмэгдэхэд нөлөөлнө гэж судлаачид тайлбарлаж байна. Хаяг монголчууддаа төдийгүй гадаадын зочдод ч ойлгомжтой байхад анхаарсан бөгөөд хүссэн хаягаа бусдаар заалгалгүй олоход энэхүү шаардлагын зорилго оршиж буй гэнэ.

Хаягжилт тодорхой болсноор хамгийн түрүүн дэвшил гаргах салбар бол шуудан. Гадаадын аль ч улс оронд айл болгон гаднаа шуудангийн хайрцагтай байхын дээр нийтийн сууцанд ч шуудангийн хайрцаг байршуулж, байр орон сууц, цахилгааны төлбөрийн нэхэмжлэлийг шуудангаар хүргэдэг байх жишээтэй. Гэтэл манай улсад айл бүү хэл албан байгууллагыг ч албан ёсны нэршил, хаягаар нь хайгаад олоход бэрх.  Улаанбаатараас  өөр “төөрдөг” нийслэл тун ховор. Тиймээс хаягжилтаа нэг стандартад оруулаад дараа нь албан байгууллага, айл өрх бүрийг шуудангийн хаягтай болгохоор өнөөдрийн баталсан шаардлагад тусгасан байна.  

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна