Чанчунь бомбыг урьсан Чингис хааны заллагын захидал

2016 оны 1 сарын 27

Сүүлийн үед Чингис хаанаас Чанчунь бомбыг урьж уулзсан түүхэн үйл явдлыг жирийн хүмүүс төдийгүй улс төр, гадаад харилцааны хүрээнд ч анхааран судалж, холбогдох түүх бичлэг, ном судрыг дахин хэвлэх явдал идэвхжиж байна. Учир нь, энэ бол яах аргагүй тухайн үеийн дэлхий дахины, олон улсын томоохон чухал үйл явдал, улс хоорондын харилцааны нэн сонирхолтой үйл хэрэг байжээ. Тиймээс ч БНХАУ-ын дарга асан Ху Жинтао эл түүхэн үйл явдлыг дэлхий дахинаа энх тайвныг сэргээн тогтоож, улс хоорондын харилцаанд амар амгаланг эрхэм болгосон бодит алхмын түүхэн үлгэр жишээ хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Монголчууд бид энэ үйл явдлыг түүх бичгээс нэлээд гадарлах боловч гүйцэд сайн мэдэхгүй, гүнзгий судлаагүй байна. Тухайн цаг үед буюу 13 дугаар зууны үед Монголыг дэлхийн эзэнт гүрэн байгуулсан монголчуудыг сонирхон судлах, таньж мэдэх гэсэн сонирхол эрмэлзэл, зайлшгүй шаардлага хүчтэй тавигдах болж, өрнө дорнын олон улс түмнээс элч болон жуулчлан ирж асан олон хүмүүсийн түүх бичлэгт тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлуудын дунд Чанчунь бомбын аялал жуулчлал онцгой байр эзэлдэг.

Тэгвэл энэ үйл явдлыг хамгийн товчоор тодорхойлон дурдахад: Нэгдүгээрт, Чингис хаантай уулзахаар Монгол хийгээд Дундад Азийн орнуудаар аялан жуулчилсан Чанчунь бомбын эл хэрэг явдал бол өрнөдийн Марко Поло, Плано Карпини, Гильом де Рубрук, хятадын Пэн Даяа, Сюй Тин зэрэг олон нэрд гарсан аялагч жуулчдын аялал жуулчлалаас хамаагүй өмнө буюу хамгийн түрүүнд болсноороо түүхэн үнэ цэн, ач холбогдлоороо онцгой юм.

Хоёрдугаарт, Чанчунь бомбо нь Монголын хэмээх тодотголтой дэлхийн эзэнт гүрнийг үндэслэгч агуу их Чингис хаантай биечлэн уулзаж, дэлхий дахины хэрэг явдал, төрийн бодлого үйлийг хэлэлцэн зөвлөж явснаараа бусад нэр бүхий аялагч жуулчдад тохиогоогүй түүхэн их хувь заяаны эзэн болсноороо бас онцгой байсан юм. 

Гуравдугаарт, Чингис хаанаас Чанчунь бомбыг урьж залсан заллагын захидал нь Чингис хааны үзэл бодол, үйл хэргийг хамгийн ихээр тусган үлдээсэн чухал ач холбогдол бүхий түүхэн бичиг баримт мөн. Өнөөдөр уг захидлын эх байхгүй ч түүнээс шууд хуулбарлан чулуун дээр сийлэн бичсэн хувь хадгалагдаж ирсний дээр, Бээжин хотын Бай-юньгуань хэмээх Чанчунь бомбын сүм зэрэг газарт түүнээс авсан хувь хуулбар, мөн уг захидлын дундад зууны үеийн худам монгол орчуулга зэрэг баримт бичиг судалгааны чухал эх сурвалж, судлагдахуун болж байна.

Эл захидлын монгол орчуулга нь дараах мэт болой:

Мөнх тэнгэр, хятад иргэдийн хэтэрхий дээрэнгүй, омог бардмыг жигшсэн байнам. Хаан миний бие умар зүгийн Их хээр талд аж төрөн сууж, чин сэтгэлээр чигч шударгыг эрхэмлэн тогтоогоод, сүйтгэн бүрэлгэхийг хориглон зогсоож, өмсөх хувцас, идэх хоолоон адуучин үхэрчинтэй хуваалцан, ард иргэдийг үр хүүхэдтэйгээ адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээн мэт хүндэлж, эв эеийг эрхэмлэн, энэрэл хишгийг түгээмүй.

Түмэн олныг дайчлах их үйлд тэргүүлэн явж, олон их дайн тулаанд амь насаа умартан зүтгэсээр, долоон жилийн дотор төр улсын их үйлсийг бүтээвэй. Өдгөө би дөрвөн зүг найман зовхисын таван өнгө, дөрвөн харийн олон улс орныг нэгтгэн хураагаад нэгэн төрийн жолоонд орууллаа.

Гэвч энэ бол мөхөс миний үйл эрдэм ихийн тул бүтсэн хэрэг биш болой. Харин Алтан улсын төр засаг итгэлгүй тогтворгүй болоход Мөнх тэнгэрээс намайг ивээн тэтгэж, эрхэм дээдийг залгамжлан эдлэх хувь тохиол оноосны учир би бээр өмнө зүгийн Сүн төр улстай холбоо тогтоож, өрнө зүгийн Сартуул улстай хаяа нийлэх болсон агаад Зүүн Ся улс зэрэг харь этгээдийн олон улс орон надад харьяат түшмэл улс болон дагаад байнам. Сэтгэхүл энэ нь манай Шаньюйн улсад мянган он, зуун үед эс гарсан хэрэг болвой.

Хэдий тийм боловч надад оногдсон үйлс агуу, үүрэг хүнд учраас тэр бүхнийг тэгшлэн засахуйд алдас гаргахаас нэн ч сэргийлэн хичээнгүйлнэм. Завь онгоц үйлдэж залуур сэлүүрийг урлах нь гол мөрнийг гатлахын тул билээ. Өдгөө миний бие эрдэмтэн мэргэдийг залж, авьяастан чадвартныг түшихийг хүсч буй нь дэлхий дахиныг амарлиулахын төлөө болой. Гэвч миний бие хаан сууринд суусан цагаас янагш чин сэтгэлээр төр засагт зүтгэсээр өнөөг хүрэхдээ гурван гүн, есөн чингийн орноо үүнд нийцэх хүнийг хараахан эс олсон анам.

Харин өдгөө сонсохул Цю багштан Та бомбын үнэн биеийг олоод ёсыг журамлан ихийг үзэж, үлэмжийг мэдэн, далдыг ухаад, ёс зүйд нэвтрэн, эрдэм чадал төгс бүрджээ хэмээн улс даяараан алдаршиж, эртний богд мэргэдийн номлол сургаалыг өвөрлөн, эрдэмт хүмүний сайн ёсоор аглаг уулнаа бясалгал хийн удтал сууж буй гэнэм. Өвөг дээдсийнхээ үлдээсэн эрдэм увьдсыг өвлөн уламжилж, үнэнхүү эрдэмт арш болсон эрхэм Таныг, бомбын ёсны замд орсон сүсэгтэн олон үүлэн мэт хуран хүрээлсэн гэдгийг мөхөс би тугаархан олж мэдэвэй.

Хаан миний бие алсын аянд мордсон хойноо сая, эрхэм Таныг Шаньдунгийн хязгаар нутагтаан буйг сонсоод Таныг ихэд бишрэн санагалзах сэтгэл минь ер үл дарагдах болов. Бас Таны Вэйшуй голын хөвөөнөө сүйх тэргээр зорчсон хийгээд улалжин гэрт гурвантаа заларсан зэрэг үлгэр домог болсон яриа хөөрөөг тань сонсч нэн ихээр бахархах боловч уул гол хэтэрхий алс хол тул энэ удаад биеэр хүрч учран золгож эс чадавай.

Иймийн тул мөхөс би алс газраас боловч суудлаасаан босч бие мэхүйн Танд ёсолж, шадар түшмэл Лю Жунлу-д хөнгөн улаа, сүйх тэрэг өгч илгээн, Таныг мянган газрын чанадаас урин залж байнам. Эрхэм арш биеийг түр зүдээн, элсэн говийг элчилгүй алс хэмээн төвөгшөөж буцалгүйгээр морилон ирж, түмэн олны зовлон зүдгийг арилгаж, дэлхий дахиныг засах үйл эрдмийг мөхөс надад зөвлөн хэлж, жич бас миний биед насыг уртасгаж, өлзий хутгийг бататгах увьдас эрдмийг зааж хайрлах болов уу.

Тэр цагт мөхөс би багш Таныг өөрийн биеэр хүндлэн асрангаа мэргэн үг, шидэт сургаалыг тань сонсоё хэмээн ихэд хичээнгүйлэн хүснэм. Эрхэм Таны эрдэм сургаалыг түр ч атугай хүртвээс буян завшаан болох буй заа хэмээсэн үүгээр миний бие бодол сэтгэлийнхээ өчүүхэн төдийг цухас илэрхийлэн зарлигийн захидалд дурдавай. Эрхэм Та үүнээс хойчийн их үйлийн утга учрыг ойлгож ухсан бол Бомбын ёсыг гэрэлтүүлэн янагш морилон ирж, сайн явдлаас үл ухран, хамаг амьтны хүсэл сэтгэлийг эс чилээх болтугай.

            Үүнийг тодорхой мэдэгдмүй. Лавтайяа сайтар хянан ухах буй заа.

            Таван сарын шинийн нэгнээ бичиглэвэй.”

Энэ түүхэн чухал ач холбогдол бүхий захидлыг бичиг сударт янз бүрээр нэрлэж иржээ. Чингис хааны жуух бичиг, урилгын захидал, заллагын захидал, зарлигийн захидал гэж олон янзаар орчуулан оноож ирсэн энэ үгс хятадаараа бол “жаошу” буюу жуух бичиг гэсэн үгээр илэрхийлэгдсээр иржээ. Юуны өмнө Ли Жичаны бичсэн “Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийн талаар эхлэн дурдая. Өөрийн хятад дайфу буюу хувийн эмч Лю Жунлу хэмээгчээсээ Хятад газар гурван зуун нас насалсан Чанчунь хэмээх гайхамшигт хүн - Бомбын ёсны их арш байдаг тухай сонссон хаан бээр түүнийг урин залж, уулзахыг ихэд хүсчээ. Үүнд хоёр шалтгаан буй. Нэг нь хаантан бээр ихийг үзэж, эрдмийн оргилд хүрсэн их мэргэд өтгөсийг дэргэдээ цуглуулж, дэлхийн дайдыг хураасан их улс гүрнийхээ төрийг хэрхэн засч, түмнийг хэрхэн жолоодох тухай ном ёсыг сонсох гэсэн хэрэг. Нөгөө нь насан өндөр болж асан хаантан өөрөө урт насалж, удаан жаргах далдхан хүсэлдээ хөтлөгдөн, биеийг сувилан тэтгэх арга ухааныг битүүдээн эрэлхийлж байсны учир болой.

Тэр ч ёсоор Чингис хаан насныхаа сүүл рүү олон улс оронд сонсогдсон эрдэмт мэргэдийг урьж залан, захидал бичиг илгээн харилцах болжээ. Хааны энэ чин хүслийг олж мэдсэн шадар дэргэдийнх нь хүмүүс, түүний дотор мөнөөх Лю Жунлу хэмээх нангиад оточ дайфу тодорхой учир шалтгааны улмаас хаанд ийнхүү  худал дэгс зүйл дуулгасан байдаг. Чухам яагаад тэрбээр чингэж хэлэв? гэхүл магад, хаантанд улам их тал засч, хайр энэрэлийг нь олох гэсэн, бас өөрийн амь насыг аварч хоохойлох гэсэн арга ядсан арга чарга ч байсан байж болох талтай. Гэхдээ ямарч байсан Чанчунь бомбо бол хол ойрд нэр алдар нь түгсэн цуутай, номтой эрдэмт мэргэн арш байсан нь үнэн юм.

Ингээд Чанчунь бомбын тухай олж сонссон Чингис хаан түүнтэй уулзахыг хүсчээ. Эхний удаа урихад Чанчунь бомбоос хариу ирээгүй тул шадар сайд Елүй Чуцайд үүрэг өгч эвтэй зөөлөн үгтэй заллагын захидлыг бичүүлж, өөрөө үзэн шалгаад элчид өгч илгээсэн байдаг. Түүнийг олон газрын хаад, ноёд урин залж, сургаал номлолоо айлдахыг хүсч байсан ч тэрбээр энэ үеийг хүртэл хэний ч хүсэлтийг биелүүлээгүй байжээ. 1219 оны билгийн улирлын тавдугаар сарын 19-ний өдөр бичсэн эл захидлыг дээр бид үзсэн билээ.

Түүнийг нь үзсэн Чанчунь бомбо энэ удаад цааргалан хойш сууж төвдсөнгүй, олон шавь нартаа: “-Тэнгэрийн цаг ирсэн болой. Би явах ёстой!” хэмээн хэлээд дал шүргэж асан өндөр нас, өтөл биеэ үл хайрлан алсын их аян замд шуудран гарсан гэдэг. Чингэхгүй бол ч болохгүй байлаа. Дэлхийг эзэгнэсэн их хааны зарлиг тушаалыг хүлээн авч ёсчлон биелүүлэхгүй аваас түүнд, түүний улс орон, ард түмэнд улам их гай барцад, бэрх зовлон ирж магад. Энэ тухай ч Чанчунь бомбо шавь нартаа битүү утгаар хэлсэн байдаг. Ийнхүү 1219 оны 5 дугаар сард Бээжингээс цааш орших Шаньдун нутгийн гүнээс эхэлсэн энэ түүхт аялал Хойд Хятад, Монгол орон, Дундад Азийн олон газар орноор дамжин бүтэн гурван жил үргэлжилж, 1223 оны хавар Бээжинд буцаж ирснээр өндөрлөсөн энэ аялалд багшийгаа дагалдан хамт явсан шавь Ли Жичан гэгч нь аяллын туршид бичиж тэмдэглэж явсан бүхнээ хожим нь эмхэтгэн нэгтгэж, энэхүү “Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх бүтээл мэндэлсэн болой. Энэ номыг миний бие өөрийн шавь Ц.Ганбаатар агсны хамтаар орчуулж 2010 онд хэвлүүлсэн юм.

Одоо уг захидал руугаа эргэж орьё. Захидлын эх өнөөдөр байхгүй, үрэгдэж үгүй болсон агаад золоор буянтай хүмүүсийн ачаар хуулбарлагдан өнөөг хүрч иржээ. Захидлыг хаанаас олсон бэ? гэхүл ийм түүхтэй ажгуу. 1309 онд Хэнань мужийн Нэйсян хошууны Шитаншань хэмээх ууланд агч Пузигун хэмээх сүмийнхэн Чингис хааны алдар сууг мөнхөлж, Чанчунь бомбын байгуулсан гавьяаг алдаршуулах зарилгоор Дэнжоу нутгийн чулуучин Ли Зинжун гэгчээр чулуун дээр сийлүүлж үлдээжээ. Тухайн үед зарлигийн захидлыг олшруулан хувилж, Бомбын шашны сүм хийдүүдэд тараан түгээж байж гэж үзэхэд хүргэдэг. Уг хөшөө чулуу нь 1.8 м өндөр, 63 см өргөн, 23 см зузаантай агаад хятад ханз үсгийн хичээнгүй бичгийн тигээр сийлэн бичсэн, нийт 16 мөр, нэг мөрөндөө 32 ханз үсэгтэй ажээ.

Бээжин хотын баруун өмнө дүүрэгт Бай-юньгуань буюу Цагаан үүлийн сүм хэмээх бомбын шашны их сүм буй. Мянганыг элээн өнөөг хүрч ирсэн энэ сүмийг Чингис хаан Чанчунь бомбод соёрхон шагнаж, насан туршдаа энэ сүмийг эзэгнэн эрхшээн суутугай! хэмээн айлдан зарлигласан байдаг. Тэр ёсоор Чанчунь бомбо тэнгэрт хальтлаа энд сууж, нийт Хятад орны бомбын шашны бүхий л үйл хэргийг эрхлэн шийтгэж байжээ. Түүнийг 1227 оны зун тэнгэрт халихад нь Чингис хаанд дуулгасанд хаан бээр уг сүмийг түүний тахилын сүм болгохыг зарлигдсан бөгөөд Чингис хааныг тэнгэрт хальсны удаахь 1228 онд Их Монгол Улсын төрийг барьсан отгон хүү Тулуйн зарлигаар энд Чанчунь бомбын тахилгын дуганг нэмж барьсан нь өнөө ч сүндэрлэн буй. 

Бас эндэхийн музейд хятад хэлээр бичсэн Чингис хааны зарлигийн захидлын хуулбар хадгалаастай байдгийн дээр, сүмийн архивт 1720-иод оны сүүлчээр хятад хэлнээс монголчлон орчуулж, худам үсгээр бичсэн хувь хадгалагдаж байгааг миний бие 2007 онд сүмийн мэдэлтнүүдтэй хэдэнтээ уулзахдаа завшаанаар олж үзсэн юм. Манж дайчин улсын Найралт төв хааны үед буюу аргын 1720-иод оны сүүлчээр өвөрлөгч монгол хошууны нэгэн ноён эл захидлыг олж үзээд монголчлон буулгаж хадгалуулсан эх хувь байсан шиг санагдана.

Энэ мянган гарснаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгч нар Франц, ОХУ, Итали, Ватикан  зэрэг улс оронд төрийн айлчлал хийх үеэрээ тухайн улсын музей, номын санд хадгалагдаж байдаг Монголын түүх, соёлд холбогдох өв дурсгалуудаас хувь хуулбар авч уугуул эх оронд нь залах буянтай сайхан үйл хийж ирсэн. Сүүлийн жилүүдэд ШУА, Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэн зэрэг байгууллага Чингис хаанаас Чанчунь бомбод илгээсэн эл заллагын захидлаас хувь хуулбар авчирч залах талаар хөөцөлдөж байсан санагдана. 

Бид энэ түүхэн том үйл явдлыг олон талаас нь ултай судлах шаардлагатай юм. Тухайлбал Чанчунь бомбын сургаал айлдлыг улс төр, цэргийн хэрэг, дайн энх, олон улс гадаад харилцаа, шашин номлолын талаас нь судлах нь сонирхолтой төдийгүй чухал ач холбогдолтойн дээр, Чингис хаанаас түүнд алтан гэрэгэ соёрхон шагнасан, “Бомбын ёсны их хутагт арш” хэмээх цол хүртээсэн, Тэнгэрийн доорхи орны бүх бомбын шашны тэргүүнээр тохоон өргөмжилсөн тухай, энэхүү Цагаан үүлийн сүмийн түүх цадиг зэргийг ч нарийвчлан судлах нь түүхийн үл мэдэгдэх олон үйл явдлыг сэргээн бичихэд ихээхэн хувь нэмэр болох нь дамжиггүй.

Энд ганцхан жишээ эш татан дурдая: Уг захидалд буй “...Би бээр өмнө зүгийн Сүн төр улстай холбоо тогтоож, өрнө зүгийн Сартуул улстай хаяа нийлэх болсон агаад Зүүн Ся улс зэрэг харь этгээдийн олон улс орон надад харьяат түшмэл улс болон дагаад байнам. Сэтгэхүл энэ нь манай Шаньюйн улсад мянган он, зуун үед эс гарсан хэрэг болвой...” гэсэн их хааны энэ үгээс бид монголчуудын угсаа гарлын тухай маш чухал тодорхойлолтыг олж харах болно. “Манай шаньюйн улс” гэсэн энэ үгээрээ Чингис хаан, бид бол эртний агуу их нүүдэлчин угсаатан Хүн нарын удам хойчис мөн гэж батлан илэрхийлжээ.  Моодун шаньюйн байгуулсан Хүн гүрнээс хоёр мянганы хойнох өнөөгийн бидэнтэй харьцуулахад тэднээс мянган жилийн хойно, биднээс мянган жилийн өмнө аж төрж асан Чингис хааны монголчууд удам судраа илүү тодорхой мэддэг, цагийн зааг ялгалын хувьд илүү ойр дөт байсан нь гарцаагүй ээ. 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,

доктор Я.ГАНБААТАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна