Монгол авлигын хэргийг муу шийддэг гэжээ

2016 оны 1 сарын 27

Авлигын төсөөллийн индексийг өнөөдөр дэлхий даяар 12.00 цагт нэгэн зэрэг зарлалаа. Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн 168 орны 72-т жагсжээ. Улс төрийн эрсдэл, Шударга засаглалын форум, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, Засаглалын шилжилт ба менежмент зэрэг олон улсын статустай 12 эксперт байгууллага дэлхийн улсуудын төрийн албан дахь авлигыг дүгнэж 1-100 хүртэлх оноогоор үнэлсэн байна. Үнэлгээг өгөхдөө тухайн улсын авлигатай тэмцэх засаглал, авлигын хэргийг хэрхэн шийдсэн, төсвийн зарцуулалт иргэддээ хэр нээлттэй ил тод байдаг вэ зэргийг харгалзан үзжээ. Улмаар авлигын индексийн хамгийн өндөр оноог Дани, Финланд, Швед, Шинэ Зеланд зэрэг улс авч, авлигын төлөө тууштай тэмцдэг гэдгээ нотолсон байна. Эсрэгээрээ Хойд Солонгос, Сомали улсууд авлигад идэгдсэн оронд тооцогдож, авах ёстой 100 оноогоос найман оноог авч сүүл мушгижээ.

Авлигын төсөөллийн индекст хамрагдсан дэлхийн 168 орны гурваны хоёр нь 50 оноогоос доош оноо авчээ. Үүнээс дэлхийн улсуудын өмнө тулгамдсан асуудлын нэг нь авлига болсныг харж болох юм. Өөрөөр хэлбэл авлигын индексээрээ хамгийн доод оноо авсан улс орнууд нь ихэвчлэн дайн тулаантай, засаглал нь сул, тогтворгүй, хуулийн байгууллагууд нь хараат ажилладаг, хэвлэлийн эрх чөлөө нь тааруухан байсан байна. Харин авлигатай тууштай тэмцэж, авлигын индексийг тэргүүлсэн орнууд Хэвлэлийн эрх чөлөө нь сайн, төсвийн зарцуулалтад тавих иргэдийн хяналт нь хүчтэй, шүүх засаглал нь шударга, иргэдээ баян, ядуугаар нь ялгаварлаж ханддаггүй болох нь ажиглагджээ.

Монгол Улс авлигын индексээрээ 2012 онд 36 оноо авч 94 байр, 2013 онд 38 оноо авч, 83 байрт орж байсан юм. Харин өнгөрсөн 2014 онд 39 оноо авч, 175 орноос 80 дугаар байрт орж байсан бол 2015 онд ийнхүү найман байраар урагшилж 72 дугаарт жагссан ч, авсан оноо нь өөрчлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл сүүлийн хоёр жилд Монгол Улсын авлигад өөрчлөлт ороогүй, зөвхөн авлигын индексийн үнэлгээнд хамрагдсан орны тоо наймаар буурсан гэсэн үг юм. Ази номхон далайн бүс дотроо авлигын эсрэг тууштай тэмцэж буй орноор Шинэ Зеланд, Сингапур, Австрали улсууд шалгарчээ. БНХАУ, Монгол Улс, Малайз улс авлигын индексээрээ нэг түвшинд тодорхойлогдож, 100 оноос авахаас 39 оноо авсан байх юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна