Уул уурхайн сайд Р.Жигжид хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

2016 оны 1 сарын 27

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.27/ Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлаас 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 45 дугаар тогтоолыг баталсан юм. Энэхүү бодлогын баримт бичгийн 3.2.2-т нөөц нь тогтоогдсон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг ашиглахад төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын адил тогтооно; 7.1-т Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахтай холбогдсон техник, технологи, аюулгүй байдал, хамгаалалт, баталгаа, хариуцлага, эрх үүрэг болон цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж мөрдүүлнэ; 7.3-т Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалт, цөмийн энерги ашиглах явцад учирч болох эрсдэл, түүнийг даван туулах үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж тус тус заажээ.

Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг орлуулан тооцох, түүнд нөөц ашигласны тусгай төлбөр тогтоохтой холбоотой зохицуулалт бий. Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулна гэж тусгасан байдаг ч цацраг идэвхт ашигт малтмалын төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлсэн тохиолдолд уг харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээ тусгагдаагүй аж.

Иймд цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөртэй холбоотой зохицуулалтыг бий болгох шаардлагын үүднээс дээрх хуулийн төслүүдийг боловруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна