Цалин, тэтгэврийн зээлийн хүү буурах уу?

2016 оны 1 сарын 27

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал оролцож мэдээлэл хийлээ. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.

Төв банкны ерөнхийлөгчийн мэдээллээр гурван жилийн өмнөхтэй харьцуулахад, инфляцийн дарамт багасч, 2.9 хувь руу орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, 2013 оны зургадугаар сард жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхлэхэд инфляци 14 хувьтай байсан бол одоо 2.9 хувь руу орсон. Энэний үр дүнд 80 мянган айл өрх ипотекийн зээлд хамрагдсан. Үр дүнд нь дундаж орлоготой өрхийн тоо өссөн. Тодруулж хэлбэл, 2011 онд сарынх нь орлого 2.3 сая төгрөгт хүрдэг дундаж амьдралтай өрхийн тоо нийт өрхийн 39 хувийг эзэлдэг байсан бол өнөөдөр 70 орчим хувьд хүрсэн аж. Тиймээс энэ төрлийн ипотекийн зээлийн хүүг бууруулах нь үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

Нөгөө талдаа эдийн засаг хүндхэн байгаа үед хэрэглээг дэмжсэн зээлээс илүүтэй экспортын орлогыг дэмжсэн үйлдвэрлэлийн зээлийн хүүг бууруулах нь оновчтой хэмээн үзэж буйгаа Монголбанкны ерөнхийлөгч онцлов.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Ганбат: Малчид жилийн 30 хувийн хүүтэй хүүтэй зээл авч байна. Малчны зээлийн хүүг ипотекийн зээлийн хүүгийн нэгэн адил жилийн 8-9 хувь руу оруулах боломжтой юу?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Хоёр долоо хоногийн өмнө энэ чиглэлээр Сангийн сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайдад тодорхой үүрэг даалгавар өгсөн. УИХ-ын гишүүдийн байнга тавьдаг асуудлын нэг нь энэ. Нийтдээ 240 тэрбум төгрөгийн малчны зээлийг хоёр банкаар дамжуулан олгосон байгаа. Сарын хүү нь 2.5 хувь, ийм хүүтэй зээлээр үйлдвэрлэл эрхлэх, мал аж ахуйгаа хөгжүүлэхэд хүндрэлтэй тусч байгаа.

Төрийн банкны үйл ажиллагаатай холбоотой малчны зээлийг жилийн 10 хувь руу буулгах боломжтой. Сар шинийн өмнө энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Энэ нь өөрөө малчдыг дэмжихээс гадна махны экспортыг дэмжих, эдийн засгаа солонгоруулахад ач холбогдолтой.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл зөрөөд байна. Төв банкны ерөнхийлөгч танилцуулга хийхдээ хэрэглээг дэмжсэн зээлийн хүүг бууруулах боломж байхгүй. Харин хуримтлалыг дэмжсэн, хөрөнгө оруулалтыг дэмжсэн зээлийн хүүг бууруулна гэлээ. Өөрөөр хэлбэл, цалин, тэтгэвэр, малчны зээл, импортын буюу худалдаа арилжааны зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж хэлсэн. Гэтэл манай Ерөнхий сайд малчны зээлийн хүүг бууруулна гэж байна?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Монголбанкны ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хоёрын мэдээлэлд логикийн зөрүү байхгүй. Та маш сайн ойлгосон байна. Бид бүх төрлийн зээлийн хүүг бууруулах бололцоо байхгүй. Бодлогын хувьд эдийн засаг ийм байгаа үед боломжгүй зүйл.Харин малчны ззээл бол үйлдвэрлэлийн зээл. Малчны үйлдвэрлэлийн зээл бол тэтгэвэрийн зээлийн дэргэд шал өөр зээл. Эрсдлийг нь банк өөрөө бүртгэчихсэн тоолчихсон байдаг учраас зээлийн хүүг бууруулах бололцоотой гэж харж байгаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Монголбанкны ерөнхийлөгчийн хэлж байгаа тайлбар баригдахгүй байна. Инфляци буурахад яг юу нөлөөлөв. Хоёрт, монголчуудын дундаж өрхийн сарын орлого 2.3 сая төгрөг болж суга өсөж. Энэ үзүүлэлт 2011 онд 30 гаруй хувийг эзэлдэг байсан бол одоо 67-70 хувь эзэлдэг болж. Захад ажиллах, ард иргэдтэй уулзахаар “Орлогогүй болсон, бизнесгүй болсон ажилгүй болсон гэдэг. Цаган сарааа яаж хийх вэ гэж байна. Гэтэл бидэнд тараасан мэдээлэл нь суга суга өсөөд байдаг. Долооон буудал, Чингэлтэй дүүргээр явж гаргасан тоо юу, эсвэл энэ үзэл суртлын тоо юу. Гуравт, хэрэглээг дэмжихгүй гэж яриад байна. Тэгтэл чинь хэрэглээг хязгаарлаад байхаар өсөлт байхгүй болно гэж эдийн засагчид яриад байна. 80 мянган иргэнийн 8 хувийн ипотекийн зээл 5 хувь руу орох уу?

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Инфляци буурахад бодитой нөлөөлсөн зүйл бол нийлүүлэлтийн гаралтай инфляци байхгүй болсон гэж хэлж болно. Энэ төрлийн инфляци нийт инфляцийн гуравны нэг хувийг эзэлдэг байсан. Мах, гурил, шатахууны үнийг хөөрөгдөж байгаад ашиг олдог байсан. Энэ үзэгдэл байхгүй болсон. Нэг ёсны нийлүүлэлтийн гаралтай сувгийг байхгүй болгосон.

Хоёрт, цалин, тэтгэвэр нэмэх, бэлэн мөнгө олгох амлалт өгөх, уриалах энэ бүхэн багассан.

Урьд өмнө нь цалин нэмнэ, түүнийг дагаад хүнсний үнэ өсдөг байсан. Жишээ нь, өргөн хэрэглээний барааны үнэ хоёр дахин өссөн тохиолдолд бага дунд орлоготой иргэдэд 3 дахин ачаалал үүсгэдэг байсан. Одоо энэ бүхэн арилсан. Гарсан энэ эерэг өөрчлөлт нь тогтвортой байдлыг бий болгосон. Судалгаанд үндэслэж гаргасан тоо. Дундаж орлоготой иргэдийн хуримтлалыг дэмжсэн бодлого явуулах юм бол ажилтай орлоготой байх тэмүүлэл өсдөг юм байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн хэмжээгээр нь ипотекийн зээлд хамрагдах шалгуур тавихаар орлого нь өссөн байгаа. Үр дүнд нь 80 мянган айл өрх моргейжид хамрагдсан.

Моргейжийн найман хувийн зээлтэй иргэд таван хувь руу шилжинэ. Засгийн газар, Монголбанк хамтран ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 2014 оны Мөнгөний бодлого батлагдах үед нийт зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах саналыг би гаргасан. Гэтэл Монголбанкны нөхөд мэргэжлийн бус юм боллоо, саналаа татаад авчих гээд миний хойноос гүйж байсан. Тэгээд миний саналыг УИХ-ын гишүүд дэмжээд баталсан. Одоо хүүг 1-3 хувиар бууруулах ажлаа хэзээ хэрэгжүүлэх вэ. Бизнес эрхлэгчид, малчид, тариаланчид гээд бүгд л зээлтэй байгаа. УИХ-аар батлагдсан бодлогоо хэзээ хэрэгжүүлэх гэж байна. Манай бүлгийн гишүүд малчны зээлийн хүү, тэтгэврийн хүүг бууруулахаар гүйсэн. Он гарснаар малчны зээлийн хүүг бууруулах талаар Ерөнхий сайд сая хэллээ. Засгийн газар малчны зээлийн хүүг ямар эх үүсвэрээр бууруулах гэж байна вэ. Би зээлийн хүүг бууруулахыг нь эсэргүүцээд байгаа юм биш. УИХ-ын дарга микрофон ашиглаад “ эсэргүүцлээ” гэж муу улстөр хийдэг шүү. Монгол банкнаас энэ зээлийн мөнгө гарахгүй байх. Дундаж орлоготой хүмүүсийн жин их болж гээд гайхаад байх юм. Орон сууцны ипотекийн зээлд хамрагдахаар дундаж амьдралтай төвшинд оччихдог юм уу. Би энэ намар Хэнтий аймагт томилолтоор ажилласан. 300 хүнтэй эмнэлгээр ороод, “Танай эмнэлгээс зээлгүй хүн байна уу” гэсэн чинь 3-хан ажилтан нь зээлгүй гэж хариулсан. 300 мянган төгрөгийн цалинтай сувилагч зээлэндээ 200-250 мянган төгрөг төлөөд үлдсэн 50 мянган төгрөгөөрөө 5 ам бүлээ тэжээж байна гэсэн. Энэ өрхийг дундаж амьдралтай гэж үзэх үү. Сонгууль нэг өдөр болоод өнгөрнө. Дараагаар нь амьдрал үргэлжилнэ. Өмнө нь 4 тэрбум төгрөгийн зээлтэй байсан Монголбанк одоо своп зээлтэй Монгол банк болсон. Хар үнэн нь энэ. Яаж ч бултаад та нар тайлбар хийж чадахгүй. Дараагаар нь улс төрийн элдэв ажиллагаанд ёс бусаар татагдан орохдоо сонгуулийн дараа амьдрал үргэлжилдгийг санаарай?

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Таны хэлээд байгаа шиг 300 хүнээс 297 нь ажилтан нь зээл авсан бол сайн байна. Нөгөө талаас өрхийн орлогын 45 хувьд л банк зээл өгдөг. Хэрвээ таны хэлж байгаа үнэн бол хууль бус үйлдэл болж байна.

Зээлийн статистик, өрхийн орлогын судалгаа сүүлийн үед сайжирсан. Гишүүн мөнгөний бодлогыг хэлэлцэх явцад тоо заан хэлсэн. Гэхдээ бодлогын хүүг инфляцийн түвшинтэй уялдуулан бууруулах боломжтой. Төрийн зүгээс бүтээгдэхүүний өртгийг томъёолох нь зохимжгүй. Энэ өнцгөөс тоог нь хасчихъя гэсэн тайлбар явсан байдаг. Бид инфляцийн түвшинг бууруулах бололцоотой. Энэ нь өөрөө бодлогын хүүг бууруулж, эерэг өөрчлөлт оруулах бололцоо бүрдэнэ. Сонгууль нийт эдийн засагт эергээр нөлөөлөх учиртай. Эрсдэл нэмдэггүй. Тиймээс 2016 оны парламентын сонгууль эдийн засагт эергээр тусах ёстой.

Мөн дээрх мэдээллийн үеэр цалингийн зээлийн хүүг бууруулах уу гэдэг асуудлыг ч хэд, хэдэн гишүүн хөндөв.

Төв банкны ерөнхийлөгчийн тайлбараар бол сүүлийн жилүүдэд цалингийн зээлийн хугацаа уртсаж, авсан зээлийн хэмжээ өссөн байна. Энэ эрсдлийг бий болгосон. Цаашдаа цалингийн зээл олгоход хугацааг багасгах бодлогыг арилжааны банк барьж магадгүй болжээ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна