Иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах уулзалт зохион байгуулав

2016 оны 1 сарын 27

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо иргэдийн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг өнөөдөр /2016.01.27/ Төрийн ордон дахь Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулав. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны гишүүн О.Баасанхүү, Д.Сарангэрэл нар оролцлоо.

Энэ удаагийн уулзалтаар тус байнгын хороонд хандаж өргөдөл ирүүлсэн таван иргэний өргөдөлтэй танилцан, эдгээр иргэдийн өргөдлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар холбогдох албан тушаалтнуудын тайлбарыг сонсож, энэ чиглэлээр байнгын хорооноос авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм.

“Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин гепатит вирусын эмчилгээний зардлын тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг байх талаар салбарын яам болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хандаж удаа дараа санал тавьсан боловч холбогдох байгууллагууд санаачилгатай ажиллахгүй байгаа талаар тус байнгын хороонд ханджээ. Иймээс уулзалтад өргөдөл гаргагч иргэн Д.Энхтүвшин болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан нэмэлт тайлбар, мэдээлэл сонсов.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын албаны дарга А.Хишигбаяр энэ асуудлын талаар тоон мэдээлэл цуглуулж тооцоо судалгаа хийж үзэхэд тухайн өвчний эмчилгээний зардлын 30 хувийг төрөөс даахад 6 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан байгаа. Мөн энэ өвчний үед хэрэглэдэг эмийг даатгалын сангаас олгох боломжгүй гэсэн санал гарсан байдаг. Иймээс Сангийн яамтай хамтарсан ажлын хэсэг гарч холбогдох судалгаа тооцоон дээр ажиллаж байна гэсэн тайлбар өгсөн юм.

Ингээд байгын хорооны гишүүд уг асуудалтай холбогдуулан өргөдөл гаргагч иргэн болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны дарга Ж.Батзандан “Иргэний өргөдөл, саналын дагуу Эрүүл мэнд, спортын яамнаас холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Салбарын яамд энэ асуудалд хойрго хандаж, цаг алдаж байгаа тул байнгын хорооноос Эрүүл мэнд, спортын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Хоёр яам хамтарч энэ асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх шаардлагатай” гэлээ.

Дараа нь байнгын хорооны гишүүд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, төмөр замын Бумбат зөрлөгт амьдарч буй 57 иргэнийг төлөөлж иргэн Д.Должин, О.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ нараас ирүүлсэн өргөдлийн талаар өргөдөл гаргасан иргэдийн төлөөлөл болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын кадастрын алба, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан тайлбар сонсож, асуулт асууж тодруулсан юм. Эдгээр иргэд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байдаг Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төвийн хашаатай залгаа хашаанд амьдардаг агаад 0.07 га газраа өмчлөх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газар эзэмших эрх олгох боломжгүй гэсэн хариу өгдөг байна. Харин Засгийн газрын 2013 оны 91 дүгээр тогтоолын дагуу дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төвийг цагдаагийн хамгаалалтад байх обьектоос хассан тул амьдарч байгаа газраа өмчилж авах асуудлаар байнгын хороонд ханджээ.

Энэ асуудлын талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон дүүргийн Өмч, газрын харилцааны албаны холбогдох албан тушаалтнууд харилцаа холбооны сүлжээ байрлаж байгаа хамгаалалтын зурвас газартай холбоотой асуудлыг төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага өөр өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх хуулийн заалттай. Одоогоор Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төвийн хамгаалалтын бүсийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа, харин хамгаалалт нь цагдаагийн хамгаалалтаас гарч ердийн харуул хамгаалалтад шилжсэн байгаа. Асуудлын гол нь үндэсний мэдээллийн сангаас энэхүү хамгаалалтын бүсийг хасаагүй байгаа явдал. Хэрэв мэдээллийн сангаас хассан тохиолдолд орон нутгийн захиргааны байгууллага өөрийн эрх мэдлийн хүрээнд асуудлыг судалж шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар өгсөн юм. Иймээс мэргэжлийн хяналтын байгууллагаар зохих шинжилгээ дүгнэлт гаргуулах замаар боломжтой бол газрыг иргэдэд нь эзэмшүүлэх чиглэлд зохих арга хэмжээ авах талаар байнгын хорооноос холбогдох байгууллагуудад тодорхой чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Байнгын хороо энэ асуудалд анхаарал хандуулж, иргэдийнхээ талд шийдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ байнгын хорооны дарга Ж.Батзандан хэллээ.

Мөн энэ удаагийн уулзалтаар хөдөө орон нутгийн зарим иргэдээс тус байнгын хороонд хандаж ирүүлсэн өргөдлийн талаар тухайн аймагтай нь цахимаар холбогдож өргөдөл гаргагч иргэн болон төв, орон нутгийн холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан тайлбар, мэдээллийг нь сонсож танилцсан юм. Тухайлбал, Завхан аймгийн иргэний танхимтай цахимаар холбогдож, аймгийн ерөнхий аудитороор ажиллаж байгаад ажлаас халагдаж, гурван шатны шүүхээс нэхэмжлэлийг нь бүрэн хангаж ажилд нь эгүүлэн тогтоож шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг нь гаргуулж олгохоор эцэслэн шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэр хангагдахгүй байгаа талаар иргэн Л.Уламбаяраас ирүүлсэн өргөдлийн талаар байнгын хорооны гишүүд уулзалтад оролцсон Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулсан юм. Ингээд өргөдөл гаргагч иргэн болон Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнуудын нэмэлт тайлбарыг сонссоны дараа байнгын хорооны дарга Ж.Батзандан холбогдох хуулийн заалтыг сануулаад шүүхийн шийдвэрийг ямар ч албан тушаалтан үг дуугүй биелүүлэх үүрэгтэй, иймээс иргэний өргөдлийн дагуу шүүхээс гаргасан нэхэмжлэлийг хангах талаар байнгын хорооноос холбогдох албан тушаалтанд албан тоот хүргүүлэх болно гэдгийг хэллээ.

Дараа нь Дорнод, Булган аймгуудын иргэний танхимтай цахимаар холбогдож, Хэрлэн сумын иргэн Д.Пүрэв, Хишиг-Өндөр сумын иргэн С.Банзрагч нарын өргөдлийн агуулгатай танилцаж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнуудын тайлбарыг сонссон юм. Өргөдөл гаргасан иргэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын хэрэгжилтийг хангахгүй байгаа шалтгааныг тодруулахыг хүсчээ. Энэ асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулсан юм. Байнгын хорооны дарга Ж.Батзандан иргэн Д,Пүрэвийн өргөдөлтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг шуурхай хангах талаар Засгийн газарт хугацаа заасан албан тоот хүргүүлэх нь зүйтэй, харин иргэн С.Банзрагчийн өргөдлийн шаардлага.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна