ДЦС-3 Олон улсын чанарын гэрчилгээг гардан авлаа

2016 оны 1 сарын 27

ДЦС-3 ТӨХК-д ISO 9001-2008 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн гэрчилгээг гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Ёслолд УИХ-ын гишүүн А.Тлейхан, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, ДЦС-3 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чимиддорж нарын зэрэг хүмүүс оролцож, ISO 9001-2008 олон улсын чанарын удирдлагын тогтолцооны онцлог, үр дүнгийн талаар тодорхой үг хэлж баяр хүргэлээ.

Тэд хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд манай улсын үйлдвэр, компаниуд ISO 9001 Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны бүлэг стандартыг идэвхитэй хэрэгжүүлж байна. Энэ нь аж ахуйг нэгж байгууллага, компанийн удирдлага үйл ажиллагаагаа тогтвортой сайжруулах, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэхэд анхаарч байгаагийн нэг илрэл юм.

Эрчим хүчний салбарын байгууллагууд энэ стандартыг хэрэгжүүлэхэд тодорхой амжилт олж буйн нэг жишээ нь өнөөдөр ДЦС-3 ТӨХК-ний хамт олон ISO 9001-2008 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн гэрчилгээг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий аудитын байгууллагаас авч тохиолдол юм.

Энэ бол олон улсын эрх бүхий байгууллагаас хийсэн аудитын үр дүнд эрчим хүчний салбараас анх удаагаа авч байгаа гэрчилгээ юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Компанийн Эрхэм зорилго, Хэтийн зорилго, үнэ цэнэ, Чанарын бодлого, зорилтуудыг шинэчлэн томъёолж Чанарын бодлого зорилтоо хамт олондоо бүрэн таниулах үйл ажиллагааг зохион байгуулж компанийн үйл ажиллагааны үндсэн болон туслах процесуудыг бий болгож, тэдгээрийн харилцан хамаарлыг тодорхойлох ажлын хүрээнд нийт 535 процесс, 2214 баримт бичгийг боловсруулан баримтжуулсан байна. Үүнээс гадна компанийн нийт инженер техникийн ажилтан, ажилтнуудад төслийн үйл ажиллагааг танилцуулах, хандлагыг өөрчлөх сургалтыг амжилттай зохион байгуулжээ. Цаашид энэ амжилтыг бататгах, тасралтгүй сайжруулах нь ДЦС-3 ТӨХК-ийн хамт олны гол зорилт бөгөөд энд хүн бүрийн хичээл зүтгэл маш чухал юм” гэв.

Орчин үеийн чанарын удирдлага менежментийн гол гурван зарчим болох төлөвлсөн зорилтдоо хүрэхийн тулд бүх үйл ажилагааг бүрэн процессжуулах, гарч болох эрсдлийг тасралтгүй хянах, удирдлагын үйл ажиллагаанд Төлөвлө-Хий-Шалга-Баримтжуул зарчмыг мөрдөж хэвших нь ДЦС-3 ТӨХК-ийн компанийн ойрын зорилт болж байна. ДЦС-3 ТӨХК-ийн хамт олон технологийн болон технологийн бус бүх үйл ажиллагааны процессийн диаграмыг ажлын байр бүрээр гаргаж, үйл ажиллагааг тасралтгүй хянах сайжруулах арга барилыг сайн эзэмшжээ. Ялангуяа компанийн удирдлага энэ чиглэлээр манлайлах үүргээ бүрэн ухамсарлаж, энэ ажлыг эхлүүлж чадсанаараа өнөөдрийн амжилтад хүрснийг үг хэлсэн хүмүүс дурдаж байлаа.

Ийнхүү ISO 9001-2008 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн гэрчилгээг ДЦС-3 ТӨХК хамт олон хүлээж авахдаа 2021 он гэхэд нь дэлхийн жишигт хүрсэн өндөр технологитой, хүний хөгжилтэй, байгальд ээлтэй компани болох зорилтыг дэвшүүлэн тавьлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна