Мандатын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх ёстой

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Мандатын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх ёстой

Энэ долоо хоногт байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэх сонгуулийн тойрог, мандатын тоог хэрхэн шийдвэрлэх асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ.

Сонгуулийн тухай хууль батлагдаад нэг сарын хугацаа өнгөрч байна. Сонгуулийн тухай хуулиар тулгамдсан хоёр асуудал байгаа. Нэгдүгээрт, УИХ-аас тойргоо байгуулаад, мандатын тоог тогтоох. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг 150-аас доошгүй хоногийн өмнө тогтооно гэж заасан. Энэ хугацаа нэгдүгээр сарын 31-нд дуусч байгаа аж. “Одоо бидэнд байгаа хугацаа нь Пүрэв, Баасан гариг л үлдээд байна. Өөрөөр хэлбэл, хоёр хоног. Хэрэв УИХ, байнгын хороо хуралдаж хуулийн хугацаанд мандат, тойргийн тоог тогтоох боломж байна. Үүнтэй нэгэн адил аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, тойргоо тогтоохоор хуралдаж байна. Үлдсэн гурван өдөрт багтаж аймгууд тойрог, мандатын асуудлаа шийдчих байх. УИХ-ын тухайд Сонгуулийн Ерөнхий хороо саналаа хүргүүлсэн. Санал авах өдрийг зургадугаар сарын 29-ны өдрөөр, тойргийн дугаар, нутаг дэвсгэрийг тогтоох асуудлыг энэ сарын 31-ны дотор шийдэхийг СЕХ-ноос хүсч саналаа хүргүүлсэн” гэлээ.

Сонгуулийн тухай хууль бол УИХ, Ерөнхийлөгч, нийслэл, аймаг, сум дүүргийн ИТХ-ын хууль гэсэн дөрвөн хуулийг нэгтгэсэн хууль. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд аймаг, нийслэлийг ялгавартайгаар тогтоох заалт ороогүй. Харин өмнөх хуульд аймаг, нийслэлийн хүн амыг ялгавартайгаар тогтооно гэж заасан. Энэхүү заалтын дагуу өмнөх сонгуулиудын тойрог, мандатыг ялгавартай тогтоож байсан. Жишээ нь, аймгийн дунджаар 40 гаруй мянган хүнд нэг мандат ногдож байсан. Ийнхүү тогтоож байхад нийслэлд 80 гаруй мянган хүнд нэг мандат тогтоож байсан юм. “Харин одоо ялгавартайгаар тогтооно гэсэн заалтыг аваад хаячихсан учраас улсын дундажтай адилхан тогтоохоор болоод байна. Улсын дунджыг барихаас өөр арга байхгүй. Хүн амын тоо өсөөд гурван сая болсон. Хүн амынхаа тоотой мандатынхаа тоог уялдуулаад тогтоохоор улсын дунджаар 63 мянган хүнд нэг мандат. Улсын дунджаар 63 мянгаар нь тогтоохоор хоёр мандаттай байсан найман аймгийн хоёр мандат нэг болж буурч байгаа юм. Нийслэлийнх 22 болж байгаа. Түүнээс биш мандатын тоог шинээр зохиосон зүйл биш” хэмээн Ч.Содномцэрэн мэдээллээ.

Т.НОМИН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж