Орон нутгийн мандатын тоог хасаж болохгүй гэв

2016 оны 1 сарын 27

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д Орон  нутгийн мандатыг хасах тухай асуудлаар тогтоолын төсөл өргөн барьсантай холбогдуулж “Завхан эв нэгдэл” ТББ-аас өнөөдөр /2016.01.27/ мэдээлэл хийлээ. Тэд хөдөө орон нутгийн мандатын тоог цөөлөхийг эсэргүүцэж байна гэлээ. “Уг төсөлд мандатын тоог орон нутагт 22 гишүүн буюу 29 хувь, нийслэлд 54 гишүүн буюу 71 хувь байхаар тусгасан байгаа юм. Жагсаалтаар орсон гишүүд орон нутгийн төлөөлөл болохгүй учраас нийслэлд 54 гишүүн болж байна. Иймд газар нутаг, хүн амын тооноос хамааран зөвхөн нийслэлд мандатын тоог нэмж орон  нутгийн  тоог хасаж байгаа нь ард иргэдийн эрх ашгийг хөндсөн томоохон асуудал болж байна. УИХ-ын гишүүний мандатын тоог зөвхөн хүн амын тоонд харьцуулан тогтоох нь Үндсэн   хууль болон олон улсад мөрддөг нийтлэг хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж байна. Үндсэн   хуулийн заалтын дагуу “УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн нь сонгогчдын төлөөллөөс гадна нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн төлөөлөл юм. 2012 оны УИХ-д намын  жагсаалтаар орж ирсэн 28 гишүүн бол орон нутгийн төлөөлөл гэхээс илүү нийслэлийн төлөөлөл байна. Мажоритараар сонгогдсон 18 гишүүн нэмэгдээд хотын төлөөллийн тоо 46 болж байна. Энэ нь хотын төлөөлөл Монгол Улсын хэмжээнд хангалттай болжээ гэж үзэж болохоор байна. Одоогийн өргөн барьсан тогтоолын төсөлд энэ тоо улам өсөж 50 болж байгаа нь хэт нэг талыг барьсан орон нутгийн ард иргэдийг хэт гадуурхсан шинжтэй байна. Хэрэв энэ тогтоолын төсөл батлагдвал орон нутгийн төлөөлөл илт цөөрч орон   нутгийг хөгжүүлэх бодлого хаягдаж, хөдөөгийн хөгжил тэр дундаа хөдөө аж ахуй болон газар тариалангийн хөгжилд сөрөг нөлөөтэй. Мөн төвлөрлийг сааруулах Төрийн бодлоготой зөрчилдөж байна гэж үзэж байна” хэмээн уг ТББ-ын төлөөлөл мэдээллээ.

“Завхан аймаг нь 24 сум 114 баг 82,455 км2 газар нутагтай бөгөөд Завхан нутгийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүн нь сонгогчдын санаа бодлыг төрд хүргэх, төрөөс гаргасан шийдвэрийг ард олонд хүргэж таниулах үндсэн үүргээ гүйцэтгэхэд маш хүндрэлтэй болгож тойргоо 100 хувь төлөөлөх чадамжгүй  болгож байна. Ер нь дэлхий  нийтэд мандатын тоог тогтоохдоо зөвхөн сонгогчдын тооноос гадна газар нутгийн   байрлал, хүн амын нягтрал, хүрч очиход хүндрэлтэй газар нутаг, тэнд амьдран суудаг сонгогчдын тоо зэргийг үндэслэдэг” тухай “Завхан эв нэгдэл” ТББ-ын тэргүүн Л.Батсайхан ярилаа. Тэрбээр УИХ гишүүдэд энэ хуулийн төслийг дэмжихгүй байх талаар уриалга хүргүүлж байгаа бөгөөд маргааш өглөө Төрийн ордны гадаа цуглаан зохион   байгуулж  эсэргүүцлээ илэрхийлэх юм байна. Уг цуглаанд Завхан нутгийн иргэд бусад   орон нутгийн төлөөллийг нэгдэхийг уриалж байна гэв.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна