Боловсролын тухай хуулиудын анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Боловсролын тухай хуулиудын анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.01.27.Лхагва гараг/ 11 цаг 55 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхлэв.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгээс гаргасан танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Бакей танилцуулав. Ажлын дэд хэсэг гурван удаа хуралдаж хуулийн төслүүдийн талаар  нийтдээ 8 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Эрдэнэ нар асуулт асууж хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ асуултдаа, 6 настай хүүхдийг нэгдүгээр ангид оруулж сургаж байгаатай холбоотойгоор хөдөө орон нутагт ялангуяа алслагдсан айл өрхийн хүүхдүүдийг сургуулийн дотуур байранд байрлуулж сургах асуудал дээр маргаан үүсч нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Ажлын хэсгээс гаргасан саналд “ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг хэлэлцэж, сургуулийн захиралд санал гаргах” гээд орхисон байна. Сургуулийн захирал нь ямар шийдвэр гаргах, ямар эрхтэй байгаа нь тодорхой бус байна гэдгийг тодотгосон юм.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Боловсрол эзэмших нь хоёр талтай. Нэг талаас суралцагч хувь хүн хүүхдийн өөрийнх нь асуудал, нөгөө талаас төрийн болоод хувийн өмчийн сургууль буюу сургалтын байгууллагын асуудал байдаг. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд сургуулийн талаас хүүхдийг 6 насанд нь сургуульд элсүүлэх зохицуулалт бий. Гэтэл хүүхдээ хэдэн наснаас нь сургуульд суралцуулах вэ гэдэгт тухайн суралцагчийн эцэг, эхийн санал бас чухал байгаа. Тиймээс энэ хуулинд байгаа сургуулийн зөвлөл буюу эцэг эхийн төлөөллийн чиг үүрэгт сонголт хийх, уян хатан бололцоо бүрдүүлэх үүднээс дээрх саналыг оруулсан. Статистик мэдээллээр 2015-2016 оны хичээлийн жилд нийтдээ нэгдүгээр ангид 10 мянга гаруй сурагч суралцаж байгаа юм байна. Энэ 10 мянган суралцагчдаас 345 нь 5 наснаас сургуульд элсэж байгаа бол 8664 хүүхэд 6 наснаас, 941 нь долоон наснаас, 85 нь найман наснаас сургуульд элсэж байгаа гэсэн дүн байна. Иймд сургуулийн зөвлөлд зохих хэмжээний сонголт хийх, тэгэхдээ эцэг, эхийн зайлшгүй нөхцөл байдлыг харгалзаж шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байгаа гэлээ.

Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс гаргасан дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Тухайлахад, “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, ажилтны ажлыг үнэлэх, дүгнэх, багшлах эрх олгох, арга зүйч, багш, сургалтын менежерийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг батлах. Сургуулийн удирдах албан тушаал эрхэлж байгаа багшийн мэргэжлийн зэрэг хэвээр хадгалагдана”, “Төрийн өмчит бүх шатны сургууль, цэцэрлэгийн тогтмол зардал, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны нийт зардал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн төлөө бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ” гэж өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.

Мөн ажлын хэсгээс гаргасан “зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг хэлэлцэж, сургуулийн захиралд санал гаргах” гэсэн саналыг “зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг хэлэлцэж, сургуулийн захиралд санал гаргах, шийдүүлэх” гэж өөрчлөх нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэний саналыг дэмжсэн юм.

Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хороодын хамтарсан тогтоолын төслийг хэлэлцэн батлав

Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин танилцуулсан.Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Батцогт, А.Бакей нар асуулт асууж, санал хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, маш их буянтай ажил санаачилж байгаа юм байна гэдгийг хэлээд, хэрэгжилтийг хангуулах асуудалд байнгын хороо хяналт тавьж, анхааралтай ажиллаж хэрэгтэйг сануулсан юм. Ингээд Засгийн газарт чиглэл өгөх тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан тогтоолын төслийг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 81.8 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Түр орлон гүйцэтгүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав

Байнгын хорооны хуралдаанаар Түр орлон гүйцэтгүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өгсөн тайлбартаа, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний зөвлөлийн асуудлаар байнгын хорооны тогтоолын санал оруулж байна. Энэ онд төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалаад Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажиллах урсгал зардал төсөвт суугаагүй. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг түр хойшлуулсан. Энэхүү шалтгаануудын улмаас Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийг одоогоор байгуулах боломжгүй байгааг хэллээ. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн эрх үүргийг тус Үндэсний зөвлөл байгуулагдах хүртэл буюу 2017.01.01-ийг хүртэл Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөлөөр түр гүйцэтгүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж батлав.

Үндэсний Аудитын газарт Байнгын хорооноос гаргасан хүсэлтийг хүргүүлэхээр болов

Мөн хуралдаанаар Үндэсний Аудитын газарт хүргүүлэх хоёр саналын талаар Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав.

Тэрээр танилцуулгадаа, “Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал болон Нийгмийн Даатгалын тэтгэмжийн сангаас оршуулгын зардалтай холбоотой 10 гаруй хүний оршуулгын зардлыг хууль бусаар олгосон, авсан, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албанаас улс орон даяар зарласан. Иргэдийн 40 гаруй тэрбум төгрөгийг ашигласан гэсэн мэдээллийг цацсан байгаа. Энэ дагуу Нийгмийн Даатгалын дотоод хяналтын байгууллага, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дотоод аудит, мониторингийн хамтарсан шалгалт явсан. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээр энэ асуудал давхар шалгагдаад явж байгаагийн зэрэгцээ Цагдаагийн байгууллагад энэ асуудал дээр хяналт шалгалт хийж байгаа юм билээ. Одоо урьдчилсан байдлаар өнөөдөр нас барсан иргэдтэй холбоотой асуудал дээр 20 орчим сая төгрөгийн зөрчил илэрсэн. Цагдаагийн байгууллагаас зарласан дээрх мэдээлэлтэй холбоотой өөр ямар ч зүйл нотлогдоогүй. Ийм бид энэ асуудлыг Үндэсний Аудитын байгууллагаар шалгуулж албан ёсны дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. “Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хувьд хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн асуудал бий. Үүнийг мөн Үндэсний Аудитын газраар шалгуулж дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Иймд эдгээр хоёр асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хуралдааны тэмдэглэлд тусгуулан Байнгын хорооны албан ёсны хүсэлтийг Үндэсний Аудитын газарт хүргүүлэх санал гаргаж байна гэв. Ингээд танилцуулгатай холбоотой асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй тул дээрх хоёр асуудлаар Үндэсний Аудитын газарт хандаж байнгын хорооноос гаргасан хүсэлтийг хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн саналыг гишүүд дэмжсэн юм. Ингэснээр хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Ажлын хэсгүүд байгуулав

Байнгын хорооны хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяаг батлав. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг баталлаа

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж