“School police” үр дүнтэй байна

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

“School police” үр дүнтэй байна

Сурагчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж, эцэг эхийнхээ үүргийг сайн гүйцэтгэсэн аав, ээж нарыг нийслэлээс шагналаа. Гурван жилийн өмнө сурагчдын эцэг эхэд байгууллагаас нь цалинтай чөлөө олгож, хүүхдээ аюулгүйн орчинд суралцахад гар биеэ оролцдог байх шийдвэрийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо хамтран “Сургуулийн бүс” эргүүлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Тус эргүүлийн хөтөлбөр үр дүнгээ өгч нийслэлийн сургуулийн орчимд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурах болжээ. Тухайлбал, 2015 онд 15 хувиар буурсан байна. Энэ бол хүүхдийнхээ төлөө  ээлжлэн эргүүл хийсэн аав, ээжийн ажлын үр дүн гэнэ.

Нийслэлийн хэмжээнд 220 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 180 сургууль нь стандартын байртай, тэдгээрийн 80 хувь нь автозамтай хаяа нийлэн оршдог байна. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар сургууль баруун, зүүн, урд хэсгээрээ авто замтай шууд нийлдэг. Дунд ангийнхан хичээлээ тараад шууд харих нь ховор. Сургуулийн гадна гүйж, харайж тоглодог. Сурагчид хоорондоо ноцолдож, хөөцөлдөж тоглож байгаад зам тээврийн осолд өртөх аюултай байдаг. Мөн бага насны хүүхдүүдийг хуурч, эд зүйлсийг нь залилах гэмт хэрэг сургуулийн орчимд ихээр гардаг. Харин эцэг эхчүүд сургуулийн орчинд эргүүл хийдэг болсноор орчныг ажиглаж, зам хөндлөн гарах гэж буй хүүхдүүдийг дөрөв таваар нь бөөгнүүлж, жолооч нарыг зогсоож зам гаргадаг болсон. Гарч болзошгүй аюулаас хүүхдийг хамгаалдаг болсон тухай дөрвөн удаа хүүхдийнхээ сургуулийн орчинд эргүүлд гарсан П.Баяндалай ярилаа.

Сургуулийн орчин дахь авто замд хөдөлгөөнд оролцож буй жолооч нар, эргүүлд гарсан эцэг эхийн шаардлагыг биелүүлж байхыг эцэг, эхийн төлөөлөл хүслээ. Өдөрт дөрвөөс найман ээж, аав сургуулийн бүсийн эргүүлд ээлжлэн гардаг. Тэдний хоёр нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд, үлдсэн хоёр нь сургуулийн ойр орчимд хяналт тавьж, ажилладаг аж.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж