Эм, эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд бодлогын дэмжлэг үзүүлнэ

2016 оны 1 сарын 27

Эм, эмийн бүтээгдэхүүнээ гадаад орноос хамааралгүй болгох нь Засгийн газар болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, компанийн гол зорилт. Эхний ээлжинд эмийн бүтээгдэхүүнийхээ 50 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болгохын төлөө Засгийн бодлогоор болон төсөв, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ өнөөдөр болсон “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд илэрхийлээд эдийн засгаа солонгоруулах боломжийн нэг нь эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар юм гэлээ.

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг”-аар саяхан нээлтээ хийсэн “Энхийн шүүдэр” дуслын шингэний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцаж буй Шадар сайд Ц.Оюунбаатар, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар оролцлоо.

“Мөнхийн тун”,  “Цомбо”, “Монос фарм”, “Нахиа импэкс” “Эмийн үйлдвэр“ гэсэн таван компани хамтран үйлдвэр байгуулах төслийг  санаачлан “Энхийн шүүдэр” компанийг байгуулж, 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Чингис бондоос 5,5 тэрбум төгрөгийн зээл авсан. Экспортын эхний захиалга орж ирж байгаа гэж “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар Ерөнхий сайдад танилцууллаа. Мөн үйлдвэрлэл явуулахад эргэлтийн гурван тэрбум төгрөгийн зээл хэрэгтэй байгаа гээд боломж олгохыг хүслээ.

Үндэсний аюулгүй байдлын бодлогод эмийн бүтээгдэхүүний 50 хүртлэх хувийг дотооддоо үйлдвэрлэнэ гэж заасан. Бид эмийн хэрэгцээнийхээ дөнгөж 17 хувийг үйлдвэрлэж байгаа. 30-аад тэрбумын хөнгөлөлттэй зээл олговол бид эм, эмийн бүтээгдэхүүнийхээ 40 орчим хувийг өөрсдөө хийх боломжтой болно гэж тэрээр ярилаа.

Шинэ үйлдвэр барих том ажлыг гардан зохион байгуулсан эм үйлдвэрлэгч таван компанийн удирдлага, тэдний хамт олонд Ерөнхий сайд талархал илэрхийлээд  нэг салбарын таван том компани нийлж, нэг зорилгын төлөө нэг бүтцээр үйл ажиллагаа явуулж, ийм үйлдвэр ашиглалтад оруулна гэдэг бол шинэ үзэгдэл. Бусад салбарт ийм багийн тоглолт, эв нэгдэл, нэг зорилго шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэллээ. 

Манай улсын дуслын шингэний жилийн хэрэгцээ 8.5 сая, үүний 5,5 саяыг нь “Энхийн шүүдэр” үйлдвэрлэх боломжтой болжээ. Эхлээд дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашдаа экспортлох гэрэлтэй ирээдүй харагдаж байна. Дотоодын хэрэгцээг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх, импортын ийм бүтээгдэхүүнийг хэрхэн зохицуулах эсэх талаар бодлого гаргаж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад Ерөнхий сайд үүрэг болголоо.

Эмийн салбарыг дэмжих 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн асуудлаар 3асгийн газрын түвшинд анхаарч ярилцана. Эргэлтийн хөрөнгийн тухайд зах зээл нь ойлгомжтой, үйлдвэр нь баригдсан ийм тохиолдолд Засгийн газар ойрын хугацаанд ярилцаж шийдвэр гаргана гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Аж ахуйн нэгж, компаниуд бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах чиглэл барьж ажиллахыг Аж үйлдвэрийн яам зөвлөж байгаа. Экспортыг дэмжих чиглэлээр Засгийн газарт санал оруулахаар бэлтгэж байна. Экспортын бүтээгхдэхүүн үйлдвэрлэж байгаа нөхцөлд эргэлтийн хөрөнгийг шийдэхэд туслах бодлого барьж байгаа гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна