“Түрээсийн орон сууц” гуравдугаар сараас хэрэгжинэ

2016 оны 1 сарын 27

“Түрээсийн орон сууц” хөтөлбөр ирэх гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга мэдээлжээ.

Барилга хот байгуулалтын яамнаас түрээслүүлэх журмыг нь боловсруулж байгаа юм. Дараа нь ТОСК-иас дотоод мөрдөх журмыг баталснаар гуравдугаар сарын 1 гэхэд хэрэгжихэд бэлэн болно хэмээн тооцоолжээ. Одоогоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг нийслэлд болоод орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх механизм нь тодорхой болоод байгаа юм. Тодруулбал, улсын хэмжээнд 929 айлын орон сууцыг иргэдэд түрээслүүлнэ. Үүний 350 нь нийслэлд, 579 нь орон нутагт байх юм. Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад түрээсийн орон сууцыг гаргахаар болсон. Архайнгайд 120, Увсад 84, Дархан-Уулд 83, Сэлэнгийн Зүүнхараад 90, Хэнтий аймгийн төв, Мандалговь, Ховд аймагт тус бүр 96, Хэнтий аймгийн Бор-Өндөрт 16, нийслэлд “Буянт-Ухаа-2” хорооллын 39, 49 дүгээр байранд хоёр өрөө 350 айлын орон сууцыг түрээслүүлэх юм.

Энэ хөтөлбөрт хамрагдах иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдээгүй, амьжиргааны  түвшин 3-10 дугаар бүлэгт багтах байх учиртай. Түрээсийн орон сууцны нэг байрны үнэ нийслэлд 200-280 мянган төгрөг, /1 мкв нь 6500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1 мкв нь 4500 төгрөг/ байхаар болсон. Иргэдийн хувьд түрээсийн орон сууцанд дээд тал нь таван жил амьдрах юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна