Өршөөлөөр суллагдсан иргэдэд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

2016 оны 1 сарын 27

Өршөөлийн хуулиар хорихоос суллагдаад өөртөө ажлын байр бий болгон, өөрийн гэсэн орлоготой болох боломж хайж бизнесийн төсөл ирүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх батламжийг өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан гардууллаа.

Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас 2015 оны наймдугаар сарын 11-нд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар улсын хэмжээнд 2000 гаруй иргэн хорих ангиас суллагдсан. Тэдний 1032 нь нийслэлийн харьяат юм байна.

Хөдөлмөрийн яамнаас Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран ял эдлээд гарсан, суллагдах хугацаа нь дөхөж байгаа иргэдэд сэтгэл зүйн болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулж, ажил хөдөлмөрөөр төлөвшүүлэн дэмжих зорилготой “Хорих ангиас суллагдагсдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд “Сайхан амьдрал таны гарт аян”-ыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-наас энэ сарын 25-ны хооронд зохион байгуулжээ.

Өршөөлийн хуулиар суллагдсан болон суллагдах хугацаа нь ойртсон Улаанбаатар хотын харьяат иргэдэд өөртөө итгэх итгэл, амьдралын зорилготой болох, нийгэмд гараад айдсаас салах арга замыг заах сэтгэл зүйн сургалтад хамруулахын хамт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэх сургалт явуулсан. Мөн бичил бизнес эрхлэх хүсэлтэй зорилтот бүлгийн иргэдэд гарааны бизнесээ эхлэхэд санхүүгийн дэмжлэг болгож нэг сая хүртэлх төгрөг олгохоор болсон байна.

Санхүүгийн дэмжлэг олгох батламжийг гардуулах ёслолын үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, багийн менежмент, бизнесийн санаа хөгжүүлэх, төсөл боловсруулах сургалтанд Өршөөлийн хуулиар суллагдсан 819 иргэнийг хамруулан бичил бизнес эрхлэх төсөл бичих арга аргачлалд сургасан байна. Сургалтад хамрагдсан хүмүүсээс 63 нь бизнесийн төсөл ирүүлж, санхүүжилт хүссэн байсан. Ирүүлсэн төсөлтэй ажлын хэсэг танилцаж, хүн нэг бүртэй уулзаж, сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд 50 иргэнд тус бүр нэг сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор болсны дагуу өнөөдөр та бүхэнд батламжийг нь гардуулж байна. Энэхүү дэмжлэг та бүхэнд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, өөрийн гэсэн орлоготой болох боломжийг олгох бөгөөд цаашид нийгэмд тодорхой байр суурь эзлэхэд тань тус болно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

“Хорих ангиас суллагдагсдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд зохион байгуулсан “Сайхан амьдрал таны гарт” аяныг Монголын хүний нөөцийн менежментийн холбоо, “Монголын оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн холбоо”,“Саруул ухаан”, “Нийгэм маркетинг” ТББ-уудтай хамтран хэрэгжүүлж,нийт 2070 иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг хүргэжээ. ШШГЕГ-ын харьяа нийслэлийн ойролцоо байрлах есөн хорих ангид ял эдэлж байгаа 1072 иргэнд сэтгэлгээ өөрчлөх сэтгэлзүйн сургалтыг зохион байгуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, багийн менежмент, бизнесийн санаа хөгжүүлэх, төсөл боловсруулах сургалтад Өршөөлийн хуулиар суллагдсан 819 иргэнийг хамруулан бичил бизнес эрхлэх төсөл бичих арга аргачлалд сургажээ.

Сургалт бүрийн дараа дүүрэг болгонд Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж, 15 ажил олгогчийн 61 ажлын байранд бүртгэл явуулж 122 иргэн ажилд орох анкет бөглөсөн байна. Мөн сургалтад хамрагдсан иргэдэд тухай бүрт нь ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгч, бизнес эрхлэх сонирхолтой хүмүүст менежментийн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн 63 иргэн бизнесийн төсөл ирүүлж, санхүүжилт хүссэн бөгөөд тэдний төсөлтэй танилцаж, сонгон шалгаруулалт хийн 50 хүнд санхүүгийн дэмжлэг олгохоор болжээ. Дэмжлэг авч буй хүмүүсийн дийлэнх нь оёмол хатгамал хийдэг, модоор жижиг эдлэл урладаг бөгөөд гарын ур дүйгээ ашиглаад хувийн жижиг аж ахуй эрхлэх боломжтой хүмүүс юм байна.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна