Х.Бямбабаатар VI байрт орлоо

2016 оны 1 сарын 27

Энэтхэгийн Дели хотноо өнөөдөр “РИО-2016” олимпийн эрх олгох буудлагын Ази тивийн тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд тивийн 30-аад орны 538 мэргэн буудагчид 35 олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна.

Өнөөдөр явагдсан 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах эрэгтэй дасгалд нийт 41 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Х.Бямбабаатар 621.7 оноогоор финалд шалгарсан. Улмаар 120.2 оноог авснаар VI байрт орлоо. Энэ дасгалд ОУХМ Н.Баяраа 616,9 оноогоор 15-р байр, ОУХМ Б.Бишрэл 615,9 оноогоор 23-р байрт жагссан бол БНСУ, Тайландын буудагчид “Рио”-г зорих эрхээ авчээ.

Мөн энэ өдөр явагдсан 10 метрийн хийн гар бууны эмэгтэй дасгалд 45 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Т.Баярмаа 13, ОУХМ Т.Баярцэцэг 19, ОУХМ Т.Гантуул 38-р байрт орлоо. Энэ дасгалд олимпийн эрхээ аваад байгаа Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар хувиар буудсан байна.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр мөн 25 метрийн олимпийн хурдан буудлагын эрэгтэй дасгалд спортын мастер О.Төгөлдөр, спортын мастер Ш.Буянзаяа нар эхний 30 сумаа бууджээ. Тэд маргааш дахин 30 сум буудах юм.

Энэ удаагийн тэмцээнд олимпийн эрхээ аваад байгаа Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа (гар буу), ОУХМ Ц.Мөнхзул (гар буу), ОУХМ Г.Нандинзаяа (урт буу) нарын шилдгүүд багийн бүрэлдэхүүнд багтан хувийн буудлага хийж байна.

 

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна