МАХН улсын хөгжилд хувьсал хийнэ гэв

2016 оны 1 сарын 27

МАХН-ын Онц их хурал хуралдсаны таван жилийн ойд зориулсан "Хөгжлийн хувьсгал" арга хэмжээ өнөөдөр МҮЭСТО-д боллоо.

Нээлтийн баярын концертын дараа МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал "Тэмцэж хатуужсан таван жил" сэдвээр, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан "Оюутолгойг олноороо шийдье" сэдвээр тус тус илтгэл тавилаа. Арга хэмжээний үеэр “Ээжээ би өлсгөлөн”, “Намын нэрээ сэргээсэн түүх”, “Н.Энхбаярын баривчилгаа” сэдвээр гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэжээ.

Арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, хороо бүрийн 1000 гаруй төлөөлөл оролцлоо.

МАХН-ын нийслэлийг хариуцсан нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн “Таван жилийн өмнө бид шударга ёсны үйл хэргийг эхлүүлж тунхаглан зарласан. Өнөөдөр бол өнгөрсөн МАХН нэрээ сэргээж тунхагласан тэр үеэс хойш таван жилийн хугацаанд хийсэн ажлаа үнэлж дүгнэж байна. Ардчилсан хувьсгал хийснээс хойших 25 жилд Монгол Улс хөгжлийн асуудлыг хойш тавьсан. Тиймээс МАХН Цаашид хөгжлийн хувьсгал хийхээр зорилго, чиглэлээ журмын нөхөддөө танилцууллаа” хэмээн хэллээ.

Т.ДАВААНЯМ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна