АН-ын Бодлогын зөвлөл хуралджээ

2016 оны 1 сарын 27

Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн Барилга, хотын хөгжил бүлгэм өнөөдөр хуралджээ. Энэ үеэр Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн даргаар Ц.Буянцогтоог томилсныг Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд гишүүддээ танилцуулжээ.

Шинэ он гарахын өмнө Ардчилсан намын дарга Бодлогын зөвлөл байгуулснаа мэдэгдсэн. Тус бодлогын зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Ламбаа зөвлөх томилогдсон байсан. Дараахан нь Засгийн газрын хуралдааны шийдвэрээр С.Ламбаа зөвлөхийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Үүнтэй холбоотойгоор дээрх томилгоо хийгдсэн бололтой. Ц.Буянцогтоо нь УИХ-ын даргын зөвлөхөөр ажилладаг.

Мөн хуралдаанаар ипотекийн зээлийн талаар ярилцсан байна. Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, “Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталж, орон сууцны зээлийг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр олон иргэн орон сууцад орох боломж нээгдлээ”  гэдгийг онцолсон аж.

Энэхүү бүлгэмийн хуралд Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын даргын Барилгын салбар, ипотек хариуцсан зөвлөх Г.Байгалмаа, ТОСК-ын ерөнхий захирал А.Гантулга, Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, Н.Гантөмөр болон барилгын салбарын төлөөлөл оролцжээ.

Онцлоход, тус бодлогын зөвлөл Ардчилсан намын гишүүд дэмжигчдэд нээлттэй юм байна. Бодлогын зөвлөлийн бүлгэмүүдийн гишүүд өөрсдийн шинэ санаагаа намынхаа мөрийн хөтөлбөрт тусгуулах боломжтой аж.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна