Өлгийд “ахмадууд” өрсөлдөнө

2016 оны 1 сарын 28

“Сонгууль-2016” тулааны өнгийг аймаг, нийслэл Улаанбаатараар тодорхойлон долоо хоногийн Мягмар, Пүрэв гаригуудад манай сайт тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаад Сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Баян-Өлгий аймгийг хэн, хэн “усалж” эхэлснийг сонирхуулъя.

БАЯН-ӨЛГИЙ: Арван хоёр оны сонгуулиас өмнө ув улаан тойрог байсан. Таван удаагийн сонгуулийн  гуравт МАХН/ МАН/ ялалт байгуулж байв.  Харин 2012 оны сонгуулиар хоёр дахь удаа АН-д ахиад итгэл  үзүүлж, нэг суудал өгсөн нь А.Бакейгийнх байв. Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төсөл  хэрэв УИХ дээр дэмжигдвэл Баян-Өлгийн хоёр мандатын нэг нь хасагдана гэсэн үг.

1996 оны УИХ-ын сонгуульд тус аймагт нэр дэвшсэн МАХН-ын гурван нэр дэвшигч, Р.Сандалхан, Т.Султан, А.Болат нар гурвуулаа “ногоон гэрэл”-ээр УИХ-д сууж байжээ. Энэ үед  МАН ч хүчтэй, хөлтэй, өлгий ч тэр чигээрээ ув улаан байж.

2000 оны сонгуульд мөн л МАХН буюу МАН цэвэр  ялалт байгуулсан байдаг. Р.Сандалханыг  “улираахаар”, О.Нигамет, Х.Жекей нарыг УИХ-д суулгахаар өлгийчүүд өөрсдийгөө төлөөлөх эрхийг тэдэнд олгожээ.

2004 онд анх удаа өлгийчүүд МАХН/МАНН/-д санал өгсөнгүй.  Тус аймгийнхан цоо шинэ хүн, цоо шинэ хүчин санал өгөхийг илүүд үзжээ.  АН-аас нэр дэвшсэн А.Бакей, Эх орон, ардчилсан эвслээс нэр дэвшсэн А.Мурат, К.Сайран  нар  олон санал авч, УИХ-д  аймгаа дөрвөн жил төлөөлжээ.

2008 оны парламентын сонгуулиар өлгийчүүд дахиад МАН-д “хайр зарлажээ”. Тус аймагт МАН-аас нэр дэвшсэн  А.Тлейхан, Х.Баделхан нар УИХ-д суух эрхтэй болов.

2012 он. Сонгуулийг холимог системээр явуулахаар болсон тул Баян-Өлгийн аймаг хоёр мандаттай болсон юм. Тус аймаг өнгөрсөн оны сонгуулиар Ардчилсан намаас А.Бакей, Ч.Куланда, МАН-аас Х.Жекей, А.Тлейхан ИЗНН-аас С.Бакытхан, МАХН-МҮАН-аас А.Нота, О.Хабсатор нар нэр дэвшиж,  МАН-аас нэр дэвшсэн А.Тлейхан хамгийн өндөр саналыг, А.Бакей удаах саналыг авч, АН,МАН адил тэнцүүхэн суудалтай болов.

2016 оны сонгуулиар Баян-Өлгийн улаарах уу, цэнхэртэх уу гэдгийг хэлэхэд хэцүү. Хэрэв  хүн амынхаа тоотой уялдуулж нийслэлийн мандатыг нэмнэ гэж УИХ-аас уг тогтоолын төслийг баталбал  Баян-Өлгийгөөс нэг хүн нэр дэвшинэ.  Тэгэхээр гол тулаан тойрог хуваарилалт дээр өрнөх болов уу?

Ардчилсан нам

Ардчилсан намаас Баян-Өлгийг аль хэдийн “услаад” эхэлсэн хоё, гурван  хүн бий.  Нэг одоогийн УИХ-ын гишүүн А.Бакей.  Ардчилсан намын Алтангадас фракцид хаяръяалагддаг.  Түүний хувьд жагсаалтын дээгүүрт бичигдэж чадахгүй бол аймагтаа  өрсөлдөнө гэх нь тодорхой. Аймгийн засаг дарга нь АН-ын хүн. Х.Дармен дөрвөн жил ажилласан аймгаасаа нэр дэвшихээр аль хэдийн “усалгаан”-даа орсон гэх. Зам тээврийн дэд сайд, Ерөнхий сайдын зөвлөх Х.Ержаныг АН-аас өрсөлдөж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Баян-Өлгийн хувьд энэ удаагийн сонгуульд барьцгүй тойрогт тодорхойлогдоод байгаа. Хэрэв тус аймгийн нэг мандатыг хасвал  АН-аас А.Бакей нэр дэвших болов уу гэсэн таамаглал бий. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар гурав дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр АН-ын жагсаалтад бичигдэхгүй бол аймгаасаа нэр дэвшинэ гээд аль эртнээс тойргоо тордоод эхэлчихсэн гэх.

МАН

Сүүлийн хоёр сонгуульд намдаа нэг суудал чирж ирсний хувьд А.Тлейхан Ардын намаас аймагтаа нэр дэвших эсвэл намынхаа жагсаалтад багтах гэсэн хоёр хувилбартай байгаа нь лав. Жагсаалтын 10 дотроо дээгүүрт бичигдэхгүй бол УИХ-д гарч ирэх шаанс бага. Тиймээс А.Тлейхан аймгаа бас аль дээрээс эхлэн эргэж тойрч, тордож, "услах" болсон.   Түүний рейтинг аймагтаа нэлээд дээгүүрт бичигддэг.  Тиймдээ ч сүүлийн хоёр сонгуулиар хамгийн өндөр санал цуглуулсан хүн бол А.Тлейхан. Түүнчлэн   Аж үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Баделхан аймагтаа  өөрийгөө сойж байгаа гэсэн яриа байна.

Х.Баделхан бол аймагтаа шинэ хүн биш. Тэрбээр 2008-2012 оны парламентын гишүүнээр ажиллаж байсан.

Харин жижиг намуудаас тус аймагт хэнийг нэр дэвшүүлэх нь тодорхойгүй. Тэгээд ч тэнд хөл, хүч байхгүй. Тиймээс  ялалт байгуулж чадахгүй нь тодор учраас Ардчилсан намаас гаргасан нийслэлийн мандатыг нэмэх тогтоолын төслийг дэмжиж буй. 
Дахин сануулахад , Баян-Өлгий аймгийн нэг мандат хасагдвал намаасаа нэр дэвшихээр аль дээрээс аймгаа “услаад” эхэлсэн горилогчдын төлөвлөгөөнд өөрчлөлт орно. Гол өрсөлдөөн А.Бакей, А.Тлейхан нарын дунд болох болов уу?

Гол нь нийслэлийн мандатыг нэмэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэх Байнгын хорооны шийдвэрээс Баян-Өлгийн тойрог тодорхойлогдох юм.

 Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна