Тойрог булаалдах хоёр хоног

2016 оны 1 сарын 28

Өнөө, маргааш хоёр асуудлаар Төрийн ордонд цэц булаалдах нь. Эхнийх нь Сонгуулийн тойргийн мандаттай холбоотой асуудал. Энэ асуудлыг энэ ажлын өдрүүдэд эцэслэн шийдэхгүй бол түүнээс цааш хугацаа үгүй болсон. Учир нь өнгөрсөн оны төгсгөлд батласан Сонгуулийн хуулийн 16.3-т “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно” гэж тусгасан. Тэгэхээр зургадугаар сарын сүүлийн хагас аль нэг ажлын өдөр байна гэсэн бас нэгэн заалтын дагуу мөнөөх 150 хоногоосоо дотогш орох гээд байгаа учраас энэ өдрүүдэд мандатын тооны асуудлаа шийдвэрлэж, сонгуулийн санал авах өдрөө тогтоох хэрэгцээтэй болж байна.

Өчигдөр Сонгуулийн тойрог, мандатын тоог хэрхэн шийдвэрлэх асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийсэн нь ч үүнтэй холбоотой. Тэрээр “Парламентаас тойргоо байгуулаад, мандатын тоогоо тогтоох ёстой. Мөн сонгуулийн санал авах өдрийг 150-аас доошгүй хоногийн өмнө тогтооно гээд заачихсан. Хугацаа тун удахгүй буюу энэ сарын 31-нд дуусна” гэдгийг хэлж байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлтэй холбогдуулан нийт тойргийн 44 хувийг нийслэлд хуваарилах хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд, СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн нарт хүргүүлсэн юм. Тодруулбал, нийслэлд оногдох мандатын тоог Сонгуулийн хуулийн 22.5-д заасны дагуу тойргоос сонгогдох 48 мандатын 44 хувь буюу 21 мандатыг нийслэлд олгохыг хүссэн байна. Өмнөх жишгээр бол нийслэлд 14 мандат оногдож байсан юм. Ингэх болсон шалтгаан нь нийт хүн амын тал орчим хувь нь нийслэлд амьдарч байхад дөрвөн аймгийг нийлүүлсэн хэмжээний төлөөллийг сонгож байгаа нь нийслэлчүүдийн эрх ашгийг УИХ-д төлөөлөх хүчний харьцаа алдагдаж байна гэж үзэж байгаа билээ.

Хэрэвзээ энэхүү саналыг хүлээж авбал хүн ам цөөтэй аймгуудын мандатын тоог бууруулна гэсэн үг. Харин тэр шийдвэр МАН-д таалагдахгүй нь мэдээж. Учир нь орон нутагт хөл сайтай, улаан тойргуудаас нь эрх баригчид мандат хасна гэж болгоомжилж буй. Мандатыг нь хасахаар болсон аймгуудыг харахад ч үнэндээ тэдний болгоомжлол бодитой байгаа. Тиймээс үүнийг эсэргүүцэж буй. Харин тэдний эсэргүүцэл үр дүнгээ өгөх үү эсвэл тойргоо тавиад туухад хүрэх үү гэдгийн хайнааг өнөөдөр эсвэл маргааш хагалах нь.

Хэрэвзээ МАН өөрсдийн давуу тойргуудынхаа мандатыг алдвал Үндсэн хуулийн Цэцэд хандах тухай ч хэзээнээс яриад эхэлсэн.

Хоёр дахь асуудал нь МАН-ын хандах гээд буй Үндсэн хуулийн Цэцийн асуудал.

Өчигдрийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцээд дэмжчихсэн. Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас Улсын дээд шүүхэд хүргүүлсэн бөгөөд үндэслэл нь “Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан. Энэ хуулийн ёсчлохыг зөвшөөрч Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй, мөн хориг тавих эсэхээ шийдээгүй, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад Үндсэн хуулийн Цэц нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Үндсэн хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн” хэмээн дурджээ.

Учир нь энэхүү хуулийг хэрэгжиж эхлээгүй байхад Цэц авч хэлэлцэх гэж байгаа нь буруу гэж УИХ-аас үзсэн аж. Энэ асуудал ихээхэн төвөгтэй асуудал болж хувираад байна.

Учир нь Үндсэн хуулийн Цэц, УИХ-ын хооронд ил дайн өрнөж эхэлсэн. УИХ-ын батласан хууль болгоныг шахуу Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгож буй Цэцийн эсрэг УИХ, өөрсдийнх нь эрх хэмжээг хязгаарлах гэж буй УИХ-д Цэц дайн зарлаад байна. Тиймээс өөр өөрсдийн эрх мэдэл, боломж, бололцоогоо ашиглан хуулиар олгогдсон эрхээ зөрчөөд ч хамаагүй нэгийгээ үзэх нь нэгэнт тодорхой болчихлоо. Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн асуудал УИХ-ын чуулганы хаалгаар ормогцоо шулуудах нь хэнд ч ойлгомжтой боллоо.

Харин Цэц хэзээний хоёрдугаар сар гармагц өөрсдийнх нь тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Дунд суудлынхаа хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж буйгаа нэгэнтээ мэдэгдсэн. УИХ ч үүнээс нь урьдаж өөрсдийн довтолгоогоо эхлүүлсэн нь өчигдрийн байнгын хорооны шийдвэр.

Ийм хоёр асуудал өнөөдөр, маргаашийн гол асуудал болон хувирлаа. Гэхдээ улстөрчид өөр хоорондоо эхний асуудал буюу сонгуулийн мандаттай холбоотой асуудлаар үзэлцэхээс гадна цэцийнхэнтэй цэц булаалдах нь.

Энэ “зодоон”-оос гадна өөр бас нэгэн улс оронтой холбоотой чухал асуудал байгаа нь Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал. Байнгын хороогоор энэ асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөсөн ч хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч эрх баригчид засгаа авч үлдэхээр төлөвлөөд буй бол сөрөг хүчин 100 хувь огцруулахын төлөө санал өгнө гэдгээ мэдэгдээд буй.

Ийнхүү цусгүй тулааны “цус” энэ хоёр өдөрт хэн нь илүү тооцоотой тоглохоос хамаарч гарах нь.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна