Ш.Сайхансамбуу: ЗГ-т орох гэж жүжиг зохиохгүй юу?

2016 оны 1 сарын 28

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай ярилцлаа.


-Гурван жилийн өмнө та нефть боловсруулах үйлдвэр барих тухай ярьж байсан. Энэ ажил нь хэр урагшилж байгаа вэ?

-Их ноцолдлоо, занар, түүхий нефть хоёроор шатахуун үйлдвэрлэдэг үйлдвэртэй болчихъя гээд их зорилоо. Герман, Хятад, БНСУ-ын их ч олон хөрөнгө оруулагчтай уулзлаа. Овоо ажил урагшилж байтал Засгийн газар бужигнаад хойшлохоос аргагүй болдог. Төр засгийн үймээн самуунаас болж мань мэтийн бизнес эрхлэгчид асар их хохирол амслаа. Уг нь гэрээгээ хөрөнгө оруулагчтайгаа 2014 оны намар зурах байсан, гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газар огцроод хойшилсон. Шинэ он гарахын өмнө зурах гэтэл бас л Дубайн гэрээний асуудал босч ирээ бас л улстөрийн тогтворгүй байдал үүсэх магадлалтай болоод ирсэн. Ийм иед ямар хөрөнгө оруулагч бидэнд итгэх билээ, ирэх зургадугаар сар болгоод хойшлуулчихлаа. Уг нь 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт яригдаж байгаа юм. Тийм хөрөнгө оруулалт хийх хүмүүс хууль эрхзүй, улстөрийн тогтвортой байдал, эдийн засгийн баталгаа гээд нэлээд зүйлийг нь харж байж орж ирнэ биз дээ. Хөрөнгө оруулагч нар  улс төрийн амьдрал, засаг төрийн тогтвортой байдал гээд бүхий л талаар судалгаа  хийж байна. Нефтийн үнэ унаж байгаа энэ үеийг ашиглаад ажлаа хийхээд өөрсдийн гэсэн үйлдвэртэй болчихсон бол Монгол Улс л хожино. Гурван жилийн хугацаанд бариад ашиглалтад оруулчих бололцоотой юм.

-Яг хаана нефтийн үйлдвэр байгуулахаар зөвшөөрлөө авсан юм бэ. Түүхий эдээ дотоодоосоо авч боловсруулах юм уу, импортоор авах юм уу?

-Одоохондоо  үйлдвэр барих газрын байршилыг  хэлэх боломжгүй. “Петро чайна дачин тамсаг” компанийнхантай уулзаж ярилцсан. Түүхий нефтиэ нийлүүлэх боломжтой гэсэн, эх үүсвэр дутвал ОХУ-аас импортолно. Энэ талын яриа хөөрөөг хойд хөршийнхөнтэй хийчихсэн. Харамсалтай нь улстөр, эдийн засгийн  тогтворгүй байдлаас болоод олон удаа хойшиллоо.

-“Петро чайна дачин тамсаг” түүхий нефтиэ урд хөрш рүү гаргадаг. Танай компанид нийлүүлэх нь зөв юм уу?

-Хаа байсан Өвөр Монгол руу машинаар зөөдөг, тэр нь асар их зардал гардаг юм билээ. Намайг уулзахад та нар боломжтой бол ав бид асар их эрсдэл үүрч байна гэсэн.

-ОХУ-аас түүхий нефтиэ татаад эндээ боловсруулахаар хэрэглэгчид хямд үнэтэй шатахуун хэрэглэх үү?

-Хамаагүй хямд тусна. “Петро чайна”-гаас авна,  дутвал ОХУ-аас түүхий нефть импортолно. Монгол Улсын нефтийн жилийн хэрэглээ 1.2 сая тонн орчим. Ихэнх нь дизель түлш.  Дотоодоосоо нефтийн хэрэглээгээ хангаад ирэхээр гадагшаа урсдаг асар их валютын урсгал саарна. Эдийн засгийн агуулгаараа бол их ач холбогдолтой төсөл.

-Боловсон хүчин дутагдалтай гэдэг юм билээ. Ажиллах хүчнээ яаж бэлтгэх юм. Хэчнээн хүн ажлын байраар хангах боломжтой гэж харж байгаа вэ?

-Үйлдвэр барьж байх хооронд энд ажиллах боловсон хүчнийг  сургаж бэлтгэнэ. Нэлээн автоматжсан үйлдвэр. Тэгэхдээ л 1000 орчим хүн ажлын байртай болно.

-Засаг төр бужигнаж байгаа нь бизнес эрхлэгчид бидэнд хүнд байна гэж хэллээ. Өнгөрч буй гурван жилийн хугацаанд Засаг төрийг бужигнуулах ажлыг хийсэн улс төрийн хүчин нь МАН. Г.Уянга гишүүний санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг МАН-ын 13 гишүүн дэмжсэн. Танай намынхан илүүтэй засаг төрийг үймүүлээд байх шиг?

- Шуудайд хийсэн үхрийг эвэр шиг л Ардчилсан намынхан өөрсдөө учраа олохгүй байна. Түүн дээр сөрөг хүчин тоглолт хийхгүй яадаг юм. Дээр нь нийгэм, эдийн засгийн байдлаа хар. Хүүхдийн 20 мянган төгрөгийг нэгдүгээр сардаа багтаан олгож чадахгүй юм шиг байна. Байгууллагууд цалингаа тавьж чадахгүй сууж байна. Хэчнээн олон аж ахуйн нэгж хаалгаа барив.

Ядахдаа ард түмэн 2 хуваагдчихсан. 1990 оноос өмнө нэг намын дарангуйлалд байсан бол түүнээс хойш хоёр намын дарангуйлалд орж ард түмнээ  хоёр хуваачихлаа. Дотроо үзээд л байдаг. Телевизээр харахаар хоёр намын нөхөд жигтэйхэн улстөр хийгээд  хэрэлдээд үнэмшилтэй жүжиг тоглоод л байдаг, цаагуураа анд найз худ ураг, түрийвч нэг. Хуулиа батлахдаа эрх ашгаа нэгтгээд байдаг  байхгүй юу.

-Тэгэхээр та Засгийн газрыг унагах сонирхолтой байгаа юм уу?

-Ажлаа сайжруулахгүй бол ажилгүй болсон, бизнесгүй болсон, орлоггүй болсон иргэдийн тоо л олширч байна шүү дээ. УИХ, Засгийн газрын төвшинд нэг их гоё тоо ярьж тархи угаагаад байдаг. Гэтэл нөгөөх нь амьдрал дээр өөр. Ийм байж таарахгүй.

-Та УИХ-ын сонгууль нэр дэвших үү. Бие даан нэр дэвшиж магадгүй гэсэн яриа сонсогдсон?

-УИХ-аас баталсан Сонгуулийн хуулиар бие даагч “машиндуулах” юм билээ. Хар машинаас сугарч гарч чадахгүй. Тиймээс бие даагч нараас эхнээсээ нам бараадаж байна.

-Ямар заалтууд нь хатуу гэж?

-Бие даагчийг дугуйллаа гэхэд давхар нам дугуйлаагүй бол саналын хуудсыг нь хүчингүй болгоно л гэнэ. Ганц бие даагч хоёр намын хавчлагад орох юм билээ. Сурталчилгааны хугацаа нь 17 хоног гэсэн үү. Шинэ хүн бол танигдаж ч амжихгүй санал авах өдөртэй тулна. Нэг ийм үг байдаг шүү дээ, “1990 оноос өмнө чонын аманд давхиж явсан, 1990 оноос хойш хоёр барын аманд орж сэгсрүүлээд тамирдчихлаа” гэж... Ядахдаа ард түмэн 2 хуваагдчихсан. 1990 оноос өмнө нэг намын дарангуйлалд байсан бол түүнээс хойш хоёр намын дарангуйлалд орж ард түмнээ  хоёр хуваачихлаа. Дотроо үзээд л байдаг. Телевизээр харахаар хоёр намын нөхөд жигтэйхэн улстөр хийгээд  хэрэлдээд үнэмшилтэй жүжиг тоглоод л байдаг, цаагуураа анд найз худ ураг, түрийвч нэг. Хуулиа батлахдаа эрх ашгаа нэгтгээд байдаг  байхгүй юу.

-УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад таван сар гаруйн хугацаа л үлдлээ. Өнгөрч буй хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг хэр зөв шийдвэртэй сөрөг хүчин байж чадсан гэж та харж байгаа вэ?

-Сөрөг хүчин байж чадаагүй. Сөргөх нь битгий хэл Засгийн газарт орж, 8 сар яваад эцэст нь хөөгдөж шившиг болоо биз дээ.

-Засгийн газарт орохыг нь та анхнаасаа дэмжээгүй байх нь ээ?

-Юу гэж дэмжиж байдаг юм. Шал тэнэг. Засгийн газарт орсноос болоод намын рейтинг 10 хувиар унасан. Дараа нь хөөгдөөд зарим нь “Болоогүй байхад гаргалаа” гэж уйлаад л...

-Бага хурлаа зарлан хуралдуулаад л Засгийн газарт хамтрахаар шийдсэн. Улс орны эрх ашгийг бодож хамтарлаа л гэсэн?

-Өөрсдөө Засгийн газарт орох гэж горилж жүжиг зохиохгүй юу. Санал асуулгад явж байсан нөхдүүд нь сайд, дэд сайд болчихсон тууж явсан. Би өөрийнхөө намын зохиолыг мэдэлгүй яахав дээ. Манай намын дарга өөрөө аядуу зөөлөн хүн. Чанга гараар гишүүдээ барьж чаддаггүй. Баръя гэхээр “Огцруулна” гээд айлгаж байгаа.  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг намын дарга байхад нь ямар ч шалтгаангүйгээр огцруулсан. Гэтэл өнөөдөр юу болж байна, намыг хоёр хуваасан У.Хүрэлсүх, Сү.Батболд гэх мэт хариуцлага хүлээнэ гэсэн хүмүүс хаа байна. Буцаад Удирдах зөвлөлд ороод ирлээ шүү дээ.

-Сүүлийн үед МАН, МАХН хоёр нэгдэх цаг нь болсон гэсэн байр суурьтай гишүүн олон боллоо. Их мөрөн шалбаагтай нийлдэггүй юм аа гэж ярьж байсан Ц.Нямдорж гишүүн одоо нэгдэх хэрэгтэй гэх?

-Ардчилсан нам эрх барьсан энэ өнгөрч буй гурван жилийг хараад Ц.Нямдорж гишүүн аргаа барж л  үг хэлж байна лээ дээ. “Чөтгөр шулам ч байсан нэгдэхээс өөр замгүй боллоо. Тэгж байж эд нараас салдаг арга байна уу” гэж... УИХ-ын гишүүн Г.Уянга аргаа бараад аавд нь захиа бичлээ гэдэг шиг л юм байхгүй юу. Би аргаа бараад салаавч өгсөн. Юм хэлээд ойлгохгүй улсуудыг чинь яах юм. Хүн аргаа барахаараа тэгдэг юм билээ.

Дубайн гэрээ яаж зурагдсаныг бид мэдэхгүй. Гол юм нь гэрээнд байдаггүй байхгүй юу. Ерөнхий л юм байдаг. Зөвхөн гэрээ байгуулсан, гол дүрд тоглосон хүмүүс л мэддэг. Одоо 4.1 тэрбум доллар орж ирнэ гээд л байгаа.  Манайд шууд ороод ирэх хөрөнгө оруулалт биш. Яах вэ?,  хэдэн компанид ажлын байр олдох нь олдох л байх. Ганц нэг тендэрээс нь УИХ-ын гишүүн авч юм хийх л байх. Бид юу хүсч байна вэ гэвэл олборлож байгаа алт, мөнгө, зэс молибденээс ашиг авъя л гэсэн.  Би УИХ-ын гишүүн байхдаа тэрний төлөө л тэмцсэн. Харин хөрөнгө оруулагчид ашгийг нь зугатаалгадаг байхгүй юу. Оруулж ирсэн бүтээгдэхүүн тэр бүгдээ хөрөнгө оруулалт гэж нэрлээд толгой эргүүлдэг. Удахгүй орж ирнэ гээд 4.1 тэрбум бага байна, дахиж нэмж авахаас аргагүй боллоо л гэнэ. Тийм юм л ярина шүү.

Анх Оюутолгойн гэрээг байгуулж байхад буюу 2009 онд хөрөнгө оруулалтын зардал 1.5 тэрбум ам.доллар л гэсэн. 2.5 тэрбум ам.доллар болсон. Сүүлдээ юу болсон билээ, монгол хүн хянаад өр төлбөр гаргаад иртэл ажилгүй болгосон.

-Та УИХ-ын гишүүн байхдаа Оюутолгойн гэрээг судлах ажлын хэсгийг ахалж байсан. Тэр үед гэрээг судлахад шаардлагатай материалаа Оюутолгой компани хангаж чадаж байсан уу. С.Ганбаатар гишүүн өгөхгүй байна гэж яриад байдаг?

“Давтан” гэдэг үгийг хасаарай гэж Х.Тэмүүжин гишүүнээс их олон удаа гуйсан. Их аятайхан хөнгөлөлттэй заалтууд орсон. Одоо дагалдах хуулиудыг батлах ёстой.  УИХ энийгээ бүрэн эрх дуусахаасаа өмнө батлах ёстой.  Өмнөх парламентын үед ярьсан зүйл саяхнаас л биелэлээ оллоо.

-Тэр үед “Оюутолгой”-нхон гэрээг англиар авчраад өгчихсөн. Мэдээллийг нь сайн өгдөггүй л дээ. Геологийн хэлээр биччихсэн англи гэрээг уншиж яг харагдаач. Тэгээд буцааж өгч орчуулуулж авч байсан. Гол юмыг нь орчуулсан ч алдсан. Одоо бол Оюутолгой ордын ашиг яриад нэмэргүй. Би бодож байгаа, өрөнд бага шиг ороод эвтэйхэн салъя гэвэл ордыг нам хаачихмаар л юм шиг байна лээ. Даанч одоо Дубайн гэрээгээр энэ боломжийг нь хаагаад хаячихсан л даа.  Ухаад байх тусам л бид өрөнд орж байгаа шүү.  

-УИХ Эрүүгийн хуулийг баталсан. Та өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа Эрүүгийн хуулийг шинэчлэх төсөл санаачилж байсан. Хэр боломжийн хууль батлагдсан гэж харж байгаа вэ?

-Тухайн үедээ би УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж /Монгол Улсын Ерөнхийлөгч/-той Эрүүгийн хууль санаачлаад явж байсан. 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Жилийн дараа Ц.Элбэгдорж гишүүн маань Ерөнхийлөгч болчихсон. Би ганцаараа үлдчихсэн. Төслөө боловсруулсаар УИХ-д өргөн барьтал бүрэн эрхийн хугацаа дууссан.

Х.Тэмүүжин гишүүн, Д. Дорлигжав сайд, Ерөнхийлөгч бас зүтгүүлсэн болов уу, Эрүүгийн хууль батлагдлаа. Давтан гэдэг аюултай үгнээс болж иргэд олон жилийн ял авдаг байсан. “Давтан” гэдэг үгийг хасаарай гэж Х.Тэмүүжин гишүүнээс их олон удаа гуйсан. Их аятайхан хөнгөлөлттэй заалтууд орсон. Одоо дагалдах хуулиудыг батлах ёстой.  УИХ энийгээ бүрэн эрх дуусахаасаа өмнө батлах ёстой.  Өмнөх парламентын үед ярьсан зүйл саяхнаас л биелэлээ оллоо.

-“Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах шатсан дүгнэлт гарсан уу?

-Цахилгаанаас гарсан гээд явж л байдаг. Худлаа гарсан л даа, дүгнэлт. Сайхансамбууд тохчих нь амар байхгүй юу. Хэрэг хийсэн хүнийг нь олно гэхээр нэлээн ажил болох байх. Бидний хувьд таамаглаж , сэрдэж байгаа хүн бий л дээ, гэхдээ хэрэг хуучрахгүй яваандаа гаргаж ирэх л байх. Би ямар ч байсан ажилгүй болсон, хохирсон хүмүүстэйгээ гэрээ хийгээд хүнсний захаа буцаагаад баръя, та хэд 2 жил тэсч бай, ажлын байрыг чинь хадгалж байя гэсэн. Хэлсэндээ хүрсэн, барьсан. Манайд хуучин 400-гаад хүн байсан бол одоо бол 980 болж, хоёр дахин өссөн. 1000-аад хүн ажлын байртай болж байна. Шинэ худалдааны төвийг  улсын комисст хүлээж аваад түрээслэгч, худалдаачид маань ажлын байраа хүлээж аваад удаагүй байна.

-Том ажлын ард та гарчээ. Түрээс нь хэд үү. Зарах уу?

-Талбайн хэмжээнээсээ хамаараад 500 сая, 1 тэрбумаар авч байгаа хүн бий. Би барилгаа барихын өмнө зарласан. Оролцох хүн байвал урьдчилгаа төл гэж. Олон ч хүн урьдчилгаа төлсөн байсан юм.

Ер нь ч одоо би ганцаараа энэ захтай ноцолдохоо болъё гэж бодож байгаа. Нас сүүдэр явлаа. Залуу байхдаа зүрхтэй, зоригтой ч байж. Түрээсээр нь зохицуулаад олон мянган хүний бараа таваар идэж уух юмны үнийн өсөлтийг би 21 жил барилаа.

21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс иргэд ирж бараагаа татдаг. Нэг ёсны хангамжийн том сүлжээ болсон. Харахад замбараагүй л юм харагдах байх. Гэхдээ манайхаас ирж хэрэгцээгээ хангадаггүй сум гэж байхгүй. Манай наймаачид 10-12 хувийн ашиг нэмж л зардаг. Одоо шинэ худалдааны төвдөө хуучин түрээслэгчдээ оруулсан. Шинээр орж ирэх наймаачдад ажлын байрыг нь худалдаж байна. Ингэснээр бизнес эрхлэгч нарын ажлын байр баталгаатай энэ худалдааны төв жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамтын өмч болж байгаа юм. Ямар боловч би хэлсэндээ хүрч өмнөхөөсөө хэд дахин илүү орчин үеийн, агааржуулалт, харуулт хамгаалалт, аюулгүй байдал нь хангагдсан ажлын байрыг нь барьж өгсөн.

-Та задгай захаа битүүлэх үү?

-Битүүлбэл юмны үнэ л өснө. Би өөрөө мэдэлгүй дээ. Цаад худалдан авагч нь ямар хүмүүс байгаа вэ гэдгийг мэддэг учраас задгай байлгаж байгаа. Битүүлчихээр түрээслэгч дийлэхгүй болчихно. Цахилгаан, дулаанд асар их хөрөнгө урсдаг юм.  Даарах үе бий. Би Дэнжийн мянгын зах дээр 8 жил наймаа хийсэн хүн болохоор наймаачдынхаа жаргал зовлонг бүгдийг мэднэ. Гол нь арванхоёр, нэгдүгээр сар л байдаг юм. Энэ сарыг авчихаар болоод л явчихна.

-Задгай талбайн түрээс нэмэгдсэн үү?

-Нэмэгдээгүй ээ. Талбайнхаа хэмжээнээс хамаарч 30.000-60.000 төгрөгийн хооронд байгаа. 10 мянгых ч бий. Манай зах дээр байгаа наймаа тохиролцоогоор л явдаг. Хатуу үнэ тогтоодоггүй. Доошоо нэлээн сайн буудаг шүү дээ.

-Та олон жил бизнес эрхэллээ. Улстөрд ч хүчтэй орж ирсэн хүний хувьд  өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж байна. Тэгвэл яавал монголчууд эдийн засгийн хүндрэлээс гарах вэ. Та ямар боломжийг олж харж байна?

-Бид газрын доорх баялгаа 25 жил эрчимтэй ухлаа тэглээ гээд нөгөө хүсэж мөрөөдөөд байсан хөгжилдөө хүрсэнгүй. Харин ч хэдэн сайхан хангай, уул усаа үгүй хийлээ. Иргэдийн амьдрал дордлоо. Гаднаас зээл авч хөрөнгө оруулалт хийж үзлээ. Монголчуудын хувьд ямар ч үед хэрэглээ, зах зээл нь буурахгүй нэг салбар байгаа нь мал аж ахуй. Мал аж ахуйгаа түшиглэсэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд гаргах. Шавхагдахгүй баялгаа ашиглаж байж монголын эдийн засаг тогтвортой сэргэх болно гэж хараад байгаа. Өнөөдөр дэлхийн зах зээлд дээр уул уурхайн түүхий эдийн ханш эрчимтэй унаж байна. Улс орнууд эдийн засгийн хүндрэлд орж байна. Түүхий эдийн ханш гэдэг мөнхийн биш юм. Харин  монголчуудын үе дамжин маллаж ирсэн мал аж ахуй л эдийн засгийн гол аврагч байх болно.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна