Урагт халдварладаг шинэ аюул

2016 оны 1 сарын 28

Бразильд гарсан Зика вирусийн халдвар хөрш орнуудад хурдацтай тархаж байна. Өдгөө Бразильд 1.5 сая хүн Зика вирусын халдвар авсан байж магадгүй гэнэ. Зика вирусын халдвар Бразилийн зүүн хойд хэсгийн нутагт гарснаар өнгөрсөн аравдугаар сараас хойш  3893 жижиг толгойтой хүүхэд төрсөн байна. Зика вирус 2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Францын Полинезийн арлаас ирсэн жуулчдаар дамжин Бразильд ирсэн гэж таамаглажээ. Өмнө нь Францын Полинезийн арлуудад Зика вирусын халдвар гарсан байна.

 

 

Хэрэв Бразильд халдварын тархалтыг зогсоож чадахгүй энэ хэвээр үргэлжилбэл Риод Олимпын наадамд зохиогдох эсэх нь эргэлзээтэй болж байна. Зика вирусын халдварын эсрэг Бразилийн засгийн газраас армийн 200 мянган гаруй цэргийг дайчлан шумуул устгах арга хэмжээг авч эхэлжээ. Цэргүүд айл бүрээр нэг бүрчлэн явж шумуул устгалын ажил хийж байна. Түүнчлэн засгийн газраас шавж устгалын бодисыг тарааж байгаа аж. Үүний зэрэгцээ Колумб улсад 13500 гаруй хүн уг вирусын халдвар авсан нь тогтоогджээ. Зика вирусын халдварын улмаас Колумб, Эквадор, эль-Сальвадор, Ямайк улсад эмэгтэйчүүдийг нэгээс хоёр жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөжээ. Вирусын халдвар 21 оронд илэрч аюулын харанга дэлдээд байна. Түүнчлэн Европт вирусын халдвар авсан дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Эдгээр нь Их Британид гурав, Италид дөрөв, Испанийн Каталони бүс нутагт хоёр хүн  Латин Америк болон Карибын орнуудад аялж байх хугацаандаа Зика вирусын халдвар авсан нь тогтоогдсон аж.

 

Үүний дээр Азиас гаралтай ч Европын өмнөд хэсгээр өргөн тархсан  “бар шумуул” Зика вирусын халдварыг тарааж болзошгүйг эрдэмтэд анхааруулж байна. Энэ тухай Италийн Милан хотын их сургуулийн шавьж судлалын эрдэмтэн Фабризио Преглиасо мэдээлжээ. “Халдвартай хүнийг бар шумуул хазсанаар Чикунгунья вирус өөр 200 хүнд дамжсан тохиолдол өмнө нь гарч байсан. Иймд бид халдвартай хүмүүсийг тусгаарлаж Зика вирусын халдварыг бар шумуулд дамжуулахгүй байх хэрэгтэй” хэмээжээ. Эрдэмтэд Зика вирусын халдвар Номхон далай болон Зүүн Өмнөд Азийн орнууд, АНУ-ын Флорида муж улсад тархах өндөр магадлалтай байгааг анхааруулж байна.

 

 

Одоогоор Зика вирус зөвхөн шумуулын хазалтаар дамжин тархдаг гэж үзэж буй.  Гэхдээ Зика вирус үрийн шингэнээр дамжин халдварлах магадлал байж болохыг эрдэмтэд анхааруулжээ. Францын Таити арлын оршин суугч эрэгтэйн үрийн шингэнээс Зика вирус илэрсэн аж. Түүнчлэн бэлгийн харьцаанд орсны дараа нөхрөөс эхнэрт нь Зика вирус халдсан тохиолдол  гарчээ. Эдгээр нь ердөө ганц  тохиолдол боловч эрдэмтэд Зика вирусын халдварлах зам нэмэгдэж болзошгүй гэдэгт санаа зовниж байна. Түүнчлэн Зика вирусын халдвар эхийн сүү, цусаар дамжин халдах магадлал ч байж болох гэнэ.

АНУ-ын агаарын тээврийн хоёр том компани Зика вирусын халдвар гарсан орон руу зорчих тасалбар авсан хүмүүсийн мөнгийг буцаан өгөх эсвэл нислэгийг өөрчлөх боломжийг олгожээ. “United Airlines” болон  “American Airlines” компаниуд Төв Америк руу зорчихоор төлөвлөж байсан жирэмсэн эмэгтэйчүүдийн тасалбарыг буцаах болов. АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах газраас жирэмсэн эмэгтэйчүүдийг Латин Америк болон Карибын нийт 22 оронд аялахаас татгалзахыг сануулж байгаа юм.

 

Зика вирус гэж юу вэ?

 

 

Зика вирус анх 1947 онд Уганда улсад сармагчингаас илэрсэн байна. Зика нэртэй ойн сармагчингаас илэрсэн тул ийн нэрлэжээ. Голдуу Африкийн халуун оронд халдвар гарч байсан ч өдгөө Латин Америкийн орнуудад тархаад байна. Одоогоор Зика вирусын өвчлөлийн эсрэг тусгайлсан эм бэлдмэл байхгүй, вакцин гараагүй. Жирэмсэн эмэгтэйчүүд Зика вирусын халдвар авснаар ургийн тархины өсөлт зогсож, хараа, сонсгол, хэл муутай, оюун ухааны хомсдолтой, жижиг толгойтой хүүхэд төрөхөд нөлөөлж байна.  Халдвар авсан хүмүүст долоо хоногийн хугацаанд ханиадтай төстэй шинж тэмдэг илэрдэг аж.

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна