Э.Очирсүрэн: Цаначдын амжилт ахиж байна

2016 оны 1 сарын 28

Монголын цанын спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Э.Очирсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Түүний хувьд Монгол Улсын 28 удаагийн аварга бөгөөд эх орноо төлөөлөн өвлийн наадамд хоёр удаа оролцсон юм.  

-Цанын холбоо орон нутгийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэллээ. Хамгийн сүүлд ямар ажил амжуулаад ирэв?

-Монголын цанын холбооны зүгээс 2016 оны календарчилсан хөтөлбөрийн дагуу ажлаа системтэйгээр хийж байна. Он гараад орон нутаг дахь арга хэмжээнд түлхүү анхаарч байна. Хамгийн сүүлд зүүн бүсийн аймгуудад ажлаад ирлээ. Хэнтий аймагт гүйлтийн цанын ээлжит сургалтыг тус аймгийн биеийн тамирын багш нарын дунд нэгдүгээр 19-21-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү сургалтыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Б.Энх-Амгалан удирдан явуулсан байгаа. Сургалтаар гүйлтийн цанын спортыг сурталчилах, гүйлтийн цанын багш дасгалжуулагч нарын онол практикийн мэдлэгийг дээшлүүлэх, жил бүр зохион байгуулдаг өсвөрийн УАШТ-д оролцох хүүхдийг системтэйгээр бэлтгэх гээд олон давуу талтай байсан. Мөн үүний дараа Дадал сумыг зорьсон байгаа. Тэнд олон жил тасалдаад байсан Зүүн бүсийн тэмцээнийг зохион байгууллаа. Мөн эдгээр өдрүүдэд Дорнод аймгийн Халх голын 0198-р ангид “Цаначин-Хилчин” хөтөлбөр эхлээд байна. Хоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл болох сургалтыг цанын спортын ОУХМ Б.Бямбадорж удирдан явуулж байна.

Гадаа -30 хэм хүртэл хүйтэн байгаа ч олимпийн бамбарын илч шиг олон түмний сэтгэл дулаан байлаа. Олон жил тасалдаад байсан цанын Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг “Рио-2016” олимпийн наадмын бамбарын аяны хүрээнд зохион байгуулагдсан нь  тамирчдын амжилтад нөлөөлсөн. Тэр утгаараа өрсөлдөөн их байж, амжилт сайн гарсан. Олон жил цанын спортоор хичээллэсэн тамирчид байхад энэ спортыг сонгоод удаагүй байгаа өсвөрийн тамирчид ч оролцсон. Тэр дундаа зэргэлдээ орших Дорнод аймгаас тамирчид ирж оролцсон нь өрсөлдөөн их байсныг харууллаа.

-Хэнтий аймгийн Дадал суманд болсон Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

-Энэ сард сургалт, тэмцээн гээд их олон ажлыг амжуулж байна. Цанын холбооноос Хэнтий аймагт хийсэн сургалтын дараа Дадал сумыг зорьсон. Тус суманд сүүлийн 20-иод жил тасалдаад байсан цанын Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн Монголын Үндэсний олимпийн хороо, Хил хамгаалах ерөнхий газар хамтран “Дархан хил-ОЛИМП” аяны бамбарын хүрээнд зохион байгуулагдсан. Тус суманд олон жил тасалдаад байсан цанын спортыг эргэн сэргээхийн тулд цанын холбооноос ихээхэн анхаарал тавьж, тэмцээнийг хийлээ. Үүнд МҮОХ, Хилийн цэргийн 0287-р анги дэмжин ажилласанд талархаж байна. Энэхүү спортыг хөгжүүлж, ард иргэдээ идэвхтэй оролцуулаарай гэж холбооноос зарим албанд цанын иж бүрдлийг гардуулан өгсөн. Тэмцээний хувьд маш өрсөлдөөнтэй болсон. Хэнтий аймгаас Баян-Адарга, Биндэр, Хурх, Дадал, ХЦ 0287-р анги мөн Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумын өсвөр, насанд хүрэгчдийн нийлсэн 60 гаруй цаначид өрсөлдсөн. Хэнтий аймгаас өмнө нь өвлийн спорт тэр дундаа цанын спортын олон шилдэг тамирчид төрөн гарч байсан. Сүүлийн жилүүдэд энэ буухиа тасалдаж, эргэн сэргэх боломж бүрдэж байгаад бид бүхэн баяртай байна.

-Олон жил тасалдаад байсан Зүүн бүсийн тэмцээнийг харж байхад тамирчдын амжилт ямар байна вэ?

-Дадал суманд Зүүн бүсийн тэмцээн нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд болсон. Хэдийгээр гадаа -30 хэм хүртэл хүйтэн байгаа ч олимпийн бамбарын илч шиг олон түмний сэтгэл дулаан байлаа. “Рио-2016” олимпийн наадмын бамбарын аяны хүрээнд зохион байгуулагдсан болоод ч тэрүү тамирчдын сэтгэл маш өндөр байна. Тэр утгаараа өрсөлдөөн их байж, амжилт сайн гарсан. Олон жил цанын спортоор хичээллэсэн тамирчид байхад энэ спортыг сонгоод удаагүй байгаа өсвөрийн тамирчид ч оролцсон. Тэр дундаа зэргэлдээ орших Дорнод аймгаас тамирчид ирж оролцсон нь өрсөлдөөн их байсныг харууллаа. Тэмцээн өсвөр, насанд хүрэгчид болон багийн буухиа төрлүүдэд болсон. Багийн буухиа уралдаанд Биндэр сумын тамирчид спортын мастер Халиунаа нарын хүчтэй өрсөлдөгчтэй Хилийн 0287-р ангийг ялж, түрүүлээ. Мөн энэхүү буухиа уралдаанд Дорнод, Хэнтий аймгийн хамтарсан баг гуравдугаар байрт орлоо. Тэмцээнээс харж байхад залуу тамирчдын амжилт өндөр байна. Тэдний хувьд бүсдээ амжилт гаргаад эхэлнэ гэдэг бол цаашид болох улсын хэмжээний тэмцээнд улам их итгэлтэй оролцоно гэсэн үг. Магадгүй хэдэн жилийн дараа Хэнтий, Дорнод аймгаас шилдэг тамирчид гараад ирэхийг үгүйсгэхгүй юм. Миний хувьд энэ нутагт ирээд олон сайхан дурсамжууд санагдаад сайхан байна.

-Тэр дурсамжаасаа та хуваалцахгүй юу?

-Би 13 наснаасаа эхлэн цанын спорттой амьдралаа холбосон. Улсын аварга шалгаруулах тэмцээнд 28 удаа түрүүлсэн. Эх орноо төлөөлөөд 2006, 2010 онуудад Өвлийн олимпийн наадамд оролцож байлаа. Мөн нэгэн сайхан дурсамжаа дэлгэхэд. Би 2001 онд Хэнтий аймгийн Биндэр суманд болж байсан Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Тухайн үед анх удаа Буриад зон олны нутагт ирээд ийм гайхалтай байгалийн сайхныг бишрээд явж байсан. Тэгвэл энэ нутагт 15 жилийн дараа ирж, Зүүн бүсийн тэмцээнийг зохион байгууллаа. Энэ сайхан нутгаас олон олон шилдэг тамирчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Хэнтий аймаг бол үе үеийн спортын олон алдартнуудын өлгий нутаг. Хэдийгээр гадаа хүйтэн байлаа ч гэсэн тамирчдын энэ сэтгэл дэндүү дулаан байсан.

-Өнгөрсөн онд Монголын цаначдын хувьд амжилт арвин байсан байх?

-2015 онд манай тамирчид олон улсын тэмцээнд өндөр амжилтыг үзүүлсэн. Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2015 оны нэгдүгээр сард Канадын Кюбек хотноо болсон Дэлхийн мастеруудын Өвлийн спортын II наадмаас цанын спортын ОУХМ Д.Энхээ, ОУХМ Д.Очирсүх нар тус бүр мөнгөн медальтай ирж байсан. Мөн үүний дараа дөрөвдүгээр сард Улаан-Үдэд болсон олон улсын марафоны тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, хоёр мөнгө, нэг хүрэл медалийг эх орондоо авчирч байлаа.

Орон нутагт “РИО-2016” зуны наадамд оролцох баг тамирчдаа дэмжих зорилгоор олимпийн бамбар аялсаар байна. Үүнийг дагаад өвлийн спортын төрлүүд ч идэвхтэй байна. Цанын холбооны хувьд 3 дугаар сард хоёр том тэмцээнийг “Скай ресорт” баазад зохион байгуулна. Дөрвөн жилд нэг удаа болдог Бүх ард түмний спартикад болон Улаанбаатар спринт Олон улсын марафоны тэмцээн биднийг хүлээж байна.

-2016 оны гараад цаначдын амжилт урд хөршид үргэлжилсэн сайхан мэдээг саяхан дуулгасан?

-Тиймээ он гараад бидний амжилт үргэлжлээд явна. Энэ сарын эхээр Хятадын Ченчун хотод болсон “А” зэрэглэлийн тэмцээнээс манай тамирчид алт, мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн холын зайн төрлөөс Э.Ариунтунгалаг алт, Б.Дэлгэрмаа мөнгө, эрэгтэйчүүдээс Б.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдээс Халиунаа нар хүрэл медальтай ирсэн. Энэ нь манай цаначдын амжилт ахиж байгааг харууллаа. Бид бүхний цаашид оролцох олон тэмцээний эхлэл энэ байлаа. Тиймээс тамирчид маань дор бүрнээ бэлтгэл сургуулилтаа базааж байна.

-Одоо цанын тамирчдыг ямар тэмцээн хүлээж байгаа вэ?

-2016 оны бол спортын жил болж байгаа нь оны эхнээс харагдаж байна. Орон нутагт “РИО-2016” зуны наадамд оролцох баг тамирчдаа дэмжих зорилгоор олимпийн бамбар аялсаар байна. Үүнийг дагаад өвлийн спортын төрлүүд ч идэвхтэй байна. Цанын холбооны хувьд ирэх гуравдугаар сард хоёр том тэмцээнийг “Скай ресорт” баазад зохион байгуулна. Дөрвөн жилд нэг удаа болдог Бүх ард түмний спартикад болон Улаанбаатар спринт Олон улсын цанын марафоны тэмцээн биднийг хүлээж байна. Мөн 2017 оны Азийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд системтэйгээр бэлтгэж байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна