Юаниараа оролдохгүй байхыг Соросоос хүсэв

2016 оны 1 сарын 28

Юанийн эсрэг тоглоод хэрэггүй гэж Хятадын эрх баригчид тэрбумтан Жорж Сорост зөвлөв.

Юанийн ханш: 2006 – 2015 он.

Энэ мэдээлэл Хятадын коммунист намын дуу хоолой болсон China's People's Daily сонинд “Хятад валютад дайн зарлав гэнэ үү? Ха-ха!" гэсэн гарчигтайгаар нийтлэгджээ. “Юань, Гонконгийн доллартай хийж байгаа Соросын дайн түүнд  амжилт авчрахгүй. Үүнд эргэлзэх зүйлгүй” гэж Худалдааны яам нь мэдэгдсэн байв.

Энэ мэдэгдэл нь хятад албан тушаалтнууд юанийн тогтвортой байдлыг бүгдэд итгүүлэхээр улайран зүтгэж зэрэгцэн хэвлэгдлээ. Хятадын Төв банкны санаачлагаар өнгөрсөн наймдугаар сараас хойш  юанийн ханш 5,7 хувиар  унажээ.

Сорос өнгөрсөн долоо хоногт Bloomberg TV-д ярилцлага өгөхдөө, одоо S&P 500 индекс нь азийн валют, түүхий эдийн бүтээгдэхүүний  эсрэг “шилдэг байрлалд” байна хэмээн хэлсэн юм. Сорос ингэж хэлэхдээ яг юань, гонконг доллар гэж нэр цохоогүй ч Дундад улс л даяарчлалын “баавгайн” зах зээлийг үүсгэсэн “гол шалтгаан” болсон гэжээ. Хатуухан буулт хийнэ гэдгээ улс нь мэдэж байсан нь лавтай хэмээн тэр нэмэн өгүүлжээ.


“Хятад хөрөнгө оруулалт ба экспортын үйлдвэрлэлээс дотоод зах зээлээ хөгжүүлэх  хөгжлийн стратегид орохын тулд хэт удаан хүлээсэн. Тийм учраас хатуу буулт хийх нь зайлшгүй болсон” гэж тэрбумтан тэмдэглэв.

Хамгийн сонирхолтой нь энэ “дайн” Соросын валюттай хийж байгаа анхны “дайн” биш. Тэрээр 1992 онд “Английн төв банкыг  унагаж дэлхийн валютын  тэргүүний тоглогч гэдгээ харуулж  чадсан юм. Тэр үед Британийн засгийн газар өөрийн валютыг Европын ханшны механизмаар хиймлээр  хамгаалахаар оролдож байх зуур Сорос зэргийн тоглогчид фунтыг унагаж, түүнээсээ нэг тэрбум доллар босгосон байжээ.

Түүнээс гадна Соросыг 1997 оны Азийн хямралын үеэр бүсийн валютаар зохиомлоор нөлөөлөхийг оролдсон гэж буруутгаж байлаа.  Ямар ч байсан Сорос Хятадад зөөлөн бус хандаж байна. Хятад ч юанийх нь ханшийг унагах гэж байгаа хүнд юу гэж дуртай байх билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна