Монголд 10 нас баралтын нэг нь утаанаас болж байна

2016 оны 1 сарын 28

“Хичээлдээ явахад эргэн тойрон харанхуй, зам харагдахын аргагүй утаатай, манай хот хэцүү. Заримдаа машинд мөргүүлчих вий дээ гэж бид нар айдаг”  хэмээн “Орчлон” дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Азжаргал охин ярьжээ. Тэрбээр агаарын бохирдол ямар үр дагаврыг дагуулж байна вэ гэдэгт хариулт өгөхөөр утааг мангастай зүйрлэж, зурсан байна. Арга ч үгүй биз хүүхэд байтугай том хүн ч амьсгалахад бэрх тийм л орчинд, тийм л агаараар монголчууд амьсгалдаг юм чинь. Тэр дундаа утааны хамгийн хортой, хүнд элементүүд нь доод хэсэгтээ буюу газраас 50-80 см-ийн өндөрт байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарладаг. Энэ нь бяцхан үрс маань биднээс илүү хорддог гэсэн үг. Тиймээс ч “Хүүхдээ болж өгвөл тэвэрч яваарай” гэх арга барсан хүний үгийг эмч нар зөвлөдөг болсон бол эх баригчид өвлийн улиралд жирэмслэхгүй байхыг сануулдаг болсон.

Гэтэл сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын агаарын бохирдол, утаа үлэмж их хэмжээнээсээ буурсан гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлсэн билээ. Улаанбаатарын утаа, тоосжилтыг орчин үеийн техник, хэрэгслээр хэд хэдэн байршлаас секунд, минут тутам хэмждэг хүмүүс алдах нь ховор биз ээ. Энгийн нүдээр харах боломжгүй хэмжигдэхүүнээр утаа буурсан гэдэгт итгэе. Гэхдээ л нүдэнд харагдаж, хамар цоргиж угаар өөрийг хэлээд байх юм, шинжээчид ээ. Төрийн байгууллагууд утааг буурсан гэж мэдээлэх зуур гадны эрдэмтэн, судлаачид аль хэдийнээ Монголын агаарын бохирдолд санаа тавьж, тэр дундаа утаа, тоосжилт жирэмсэн эх болон түүний урагт хэрхэн нөлөөлж эхэлснийг судалж эхэлжээ. Тэд Сүхбаатар дүүргээс 540 жирэмсэн эмэгтэй сонгож, нэг хэсэгт нь агаарыг бохирдлыг бууруулагч төхөөрөмжийг суулгаж, хоёр хуваан харьцуулж, судалсан аж. Ингэхэд агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж ашигласан ээжүүдээс гарсан нярайн биеийн хэмжээ, агаарын бохирдлыг бууруулах ямар ч арга ашиглаагүй ээжүүдээс мэндэлсэн нярайгаас 0.4 сантиметрийн урт, 80 граммын илүү жинтэй байжээ. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол ургийн өсөлт, бойжилтод хэрхэн сөргөөр нөлөөлж буйг энэхүү гаднын эрдэмтдийн судалгаанаас харж болно. Мөн энэхүү судалгааг гардан хийсэн судлаач Райн Аллен “Цаашид Улаанбаатарын утааг яаралтай багасгаж, арилгахгүй бол ураг, нярайн эрүүл мэндэд аюултай” гэж бидэнд анхааруулжээ. Тэрбээр 2020 он буюу дээрх судалгаанд хамрагдсан нийт нялхсаа дөрвөн нас хүртэл тандаж, агаарын бохирдол тэдний амьсгалах эрхтэн, уушги, мэдрэлийн систем буюу сэтгэн бодох чадварт нь хэрхэн сөргөөр нөлөөлж буйг ялган гаргаж ирэх аж. Яавал хотынхон бид утаа, тоосноосоо салах вэ?

Хариултгүй асуултыг биесээсээ асууж, өвөл нь утаандаа, зун нь өмхийд дарагдаж суух үеэр тэнгэрийн орон руу одож буй арван хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөө даахгүй нөгөө ертөнц рүү явах болсон нь сэрдхиймээр. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар “Амьсгалын замын өвчнөөр өвдсөн нийт иргэдийн 10 мянган тутам нь утаа, тоосжилтоос болдог. Зуны улиралд гарсан амьсгалын замын өвчлөл өвлийн улиралд хоёр дахин нэмэгддэг” тухай хэвлэлд өгсөн яриандаа бас дурджээ. Улаанбаатарын утаа энэ хэвээр ирээдүйд ч байх юм бол Монгол Улс хүн амын өсөлт, улсынхаа хойч ирээдүйн тухай дурсаад ч нэмэргүй болох нь. Дээр дурдсанчлан агаарын бохирдол сүүлийн жилүүдэд амьсгалын замын өвчлөлөөс гадна бага насны хүүхдийн сэтгэн бодох чадвар, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж эхэлсэн байх юм. Үүнээс харахад Улстөрч, дарга нарын чухалчилж, ярих сэдэв бол агаарын бохирдол буюу утаа, тоосжилт, өмхий үнэр баймаар. Гэтэл тэд тэгсэнгүй. Иймээс тэдэнд сонгуулийн хугацаа ойртсон энэ үед үндэсний аюулгүй байдалд нөлөөлж эхэлсэн агаарын бохирдлын асуудалд анхаарлаа хандуулж, Улсын Их хурлынхаа танхимд хөндөн тавьж, утааг, тоосыг бууруулах дорвитой аргыг олж, санаачилж, мэдрэмжтэй ажиллаач гэж зөвлөе, сануулъя. Иргэд секунд, минутаар эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн хорыг устгах гэж оролдож буй нэгнийг дэмжих нь баараггүй биз. Олон улсын судалгааны байгууллагууд БНХАУ-ын Бээжин хотыг хамгийн их агаарын бохирдолтой орноор нэрлэдэг ч, Бээжингийн утаа Монгол Улсын утаанаас хор нь бага гэсэн олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж эхэлсэн нь үнэний ортой л байх. Тэдний утаа бол үйлдвэржилтийнх, харин биднийх ерөөсөө дэд бүтэцгүйнх.

Тодруулбал, Бээжин хотын агаарын бохирдол зөвхөн үйлдвэржилт, машины утаанаас үүдэлтэй. Гэтэл Улаанбаатарын утааны 80 хувийг нүүрсний утаа буюу гэр хороолын 180 мянган өрхийн өдөр тутмын галлагаа, үлдсэн 20 хувь нь дулаан, цахилгааны станц, авто замын хөдөлгөөнд оролцож буй машины утаа эзэлдэг гэнэ. Утаа дээр нэмэх нь тоосжилт, хуурайшилт, бохирын үнэр. Улаанбаатар хотын хамгийн их  утаатай цагийг 05.30-10.00, 18.00-21 Цаг уур, орчны шинжилгээний газраас тодорхойлоод ахуйн галлагааны ид үед Толгойт, Зурагт, Баянхошуу, 32 тойргийн орчимд агаарын бохирдол  хамгийн их гэдгийг онцолжээ. Таван жилийн өмнөөс Монгол Улсын төр утаандаа анхаарлаа хандуулж, улсын төсвөөс  агаарыг бохирдлыг бууруулахад жил бүр 30 тэрбум төгрөгийг гаргадаг байж. Хотын гэр хороололд 180 мянган айл өрх амьдардаг гэвэл тэдний 50 хувь буюу 90 мянга орчмыг утаагүй зуухаар хангаж, утааг багасгасан гэнэ. Мөн цахилгааны шөнийн төлбөрийг 50 хувиар бууруулж, гурван мянган өрх цахилгаанаар дулаанаа шийджээ. Харин урт хугацааны дараа буюу 10, 20 жилийн дараа үр дүнгээ өгөх гэр хорооллыг орон сууцжуулах, галлагааг халж, газны хийг ашигладаг болох зэрэг дэвшилтэт ажлууд хийгдэж эхэлсэн ч, Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилтот хөтөлбөрүүдээ зогсоож, шаардагдах хөрөнгийг зургаан тэрбум төгрөг болгон буулгажээ.

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна