Швед 80 мянган дүрвэгчийг буцаана

2016 оны 1 сарын 28

 

Оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан 80 мянган дүрвэгчийг буцаах болсныг Шведийн дотоод хэргийн сайд мэдээлжээ. Дүрвэгсдийг нисэх онгоцоор тээвэрлэн буцаах аж. Өнгөрсөн 2015 онд Шведэд 163 мянган дүрвэгч оршин суух хүсэлт гаргасны 35400 нь хүүхэд байжээ. Нийт хүсэлт гаргасан дүрвэгчдийн 55 хувьд нь зөвшөөрөл олгож, үлдсэнийг нь буцаан гаргахаар болсон аж. Түүнчлэн Швед улс түр хугацаагаар хилийн хяналтыг сэргээгээд байгаа юм.

 

Үүний зэрэгцээ Европын комиссоос Шенгений бүсийг цуцалж, хилийн хяналтыг сэргээх болсныг Грекийн засгийн газраас буруушаажээ. Европын комисс өнгөрсөн онд Грект ирсэн олон мянган дүрвэгчийг Европт тархаан байршуулах амлалт өгснийг Грекийн парламентын төлөөлөгч Ольга Геровасили сануулсан байна. НҮБ-ын мэдээгээр энэ 2016 он гарснаар Грект 46 мянга гаруй дүрвэгч ирсэн бөгөөд ирэх замдаа 170 гаруй хүн амь үрэгджээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна