ОУ-ын оюутны өдрийг жил бүрийн есдүгээр сард тэмдэглэнэ

2016 оны 1 сарын 28

Өнгөрсөн оны 11 сард болсон НҮБ-ын ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганы шийдвэрээр жил бүрийн 09 сарын 20-ны өдрийг "Олон улсын оюутны спортын өдөр" болгон тэмдэглэх шийдвэр гаргасныг ОУОСХ-ноос энэ өдөр МОСХ-нд мэдээлэв.

Одоо Монгол улсад 100 орчим их, дээд сургууль, коллежид 180,000 оюутан суралцаж байна. Энэ бол Монголын залуучуудын хамгийн том зохион байгуулалттай бүлэг юм. Оюутныг амьдралын идэвхтэй байлгах нэг хэрэглүүр бол яах аргагүй биеийн тамир, спорт байдаг. Оюутнуудын дунд олон арван алдартай тамирчид бий. Олимп, дэлхийн медальт, Универсиадын аваргууд, тивийн медальт тамирчид олон бий. МОСХолбоо оюутнуудын дунд спортын 20 орчим төрлөөр спортын наадам, тэмцээн олонтоо зохион байгуулж оюутны доторх БТС-ын хөдөлгөөнийг идэвхтэй хөгжүүлж байна. Өнгөрсөн онд Монголын оюутан залуучууд дэлхийн Универсиад наадамд оролцож эхэлсний 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Сүүлийн жилүүдэд Монголын оюутан тамирчид Универсиад наадмуудад спортын 10 дээш төрлөөр 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй багийг бэлтгэн амжилттай оролцуулж ирлээ. Одоогоор Монголд Универсиадын 11 аварга тамирчин, Универсиадын алт,мөнгө,хүрэл медаль 50 байна. Бага олимп хэмээх Универсиадын хувьд олимпийн амжилтыг бодоход 2 дахин том амжилт үзүүлсэн. Монголын тамирчид одоогоор олимпоос 24 медаль хүртээд байгаа юм. Энэ 2016 онд МОСХолбоо үндэсний хэмжээнд 11 төрлөөр Монгол улсын оюутны аварга шалгаруулах тэмцээн хийнэ. Энэ оны 6 сарын 1-5-нд дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11 дүгээр тэмцээнийг зохиох ба 09 сарын 18-25-нд Ази тивийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээнийг Засгийн газрын шийдвэрийн дагуу явуулахаар бэлтгэж байгаа юм. Энэ оны олон улсын оюутны спортын өдрөөр Монгол оронд Азийн эрэгтэй сагсан бөмбөгчид аваргаа шалгаруулж байх тэмцээн таарч байна. Энэ өдрийг ИДС-ийн спортын тэнхим, клубүүд ямар нэгэн спортын наадам, тэмцээн, уулзалт, семинар, арга хэмжээнүүд явуулж тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ гэж Монголын Оюутны Спортын Холбооноос мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна