Ахмадын футзалын УАШТ-д 50 баг өрсөлдөж байна

2016 оны 1 сарын 28

Энэ сарын 25-нд хөшгөө нээсэн ахмадын футзалын УАШТ ийнхүү гурав дахь өдрийн тоглолтоор өнөөдөр үргэлжиллээ. Тус тэмцээн нь МХБХ-оос зохион байгуулдаг уламжлалт тэмцээний нэг бөгөөд сар шинийн баярын өмнө болдгоороо онцлогтой.

Энэ жилийн тэмцээн 37-42, 43-48, 49-54, 55-59 болон 60-аас дээш гэсэн таван насны ангилалд нийт 50 багийн дунд явагдаж байна. Тэмцээний 43-48 хүртэлх насанд хамгийн олон буюу 16 баг оролцож байгаа бол мөн 49-54 хүртэлх насанд 15 баг оролцож байна. Харин 55-59 хүртэлх насанд ердөө гурван баг оролцож байгаа юм.

Зарим багууд өчигдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ. Хуваарийн дагуу нийт 13 тоглолт болсон. 37-42 насны А хэсэгт багтсан Спорт сургалтын төв буюу “ССТ” баг “Дельта”-г 9-4 харьцаатай ялсанаар хоёр хожилтой хэсгээ тэргүүлж байна. Мазаалайнууд харин MSM багт 9-2оор хожигдож эдгээд багуудын оноо тэнцээд байна. Сүүлийн тоглолтоо сайн хийж чадсан нь хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авах юм.

Энэ насны “B” хэсэгт “Замчин – Сэлэнгэ” ба “Дархан-Уул” аймаг гэсэн орон нутгийн багууд тус бүр хоёр хожил байгуулсанаар мөн шигшээд өрсөлдөх боломжтой болж байна.

Тэмцээний хамгийн өндөр буюу 60-аас дээш насны ангилалд нийт 7 баг оролцож байна. “А” хэсэгт багтсан “Сансар” болон “Соёмбын Барсууд” багууд тус бүр нэг хожилтойгоор тэргүүлэгчийн эгнээнд бичигдэж байгаа бол “Баянгол” хоёр тоглолтоос оноо авж чадаагүй бичигдэж байна.  

Ахмадын ФУАШТ-ий 55-59 насанд ердөө гурван баг оролцож байгаа. Тэгвэл “IBC” болон “Соёмбын Барсууд” багууд өнөөдөр эхний тоглолтоо хийж 8-0 харьцаагаар “IBC” хожил байгуулж өөрсдийн энэ насанд түрүүлэх боломжоо ахиуллаа.

Харин хамгийн олон буюу 16 баг оролцож байгаа 43-48 насны “B” болон “С” хэсгийн багууд хоёр дахь тоглолтуудаа хийлээ. Эхний тоглолтондоо ялалт байгуулаад байсан “Оюутан” баг “Увс” аймгийн багтай тоглож 4-4 харьцаатай тэнцсэнээр нийлбэр 4 оноотой дэд байранд бичигдэж байна. Тэдний гол өрсөлдөгч “Андууд” ээлжит хожлоо “Налайх” дүүргийн багаас авсанаар 6 оноотой энэ хэсгийг манлайлж байна.

“С” хэсгийн шилдэг багуудын нэг Дархан-Уул аймаг  ижил оноотой бичигдэж байсан Хангарьд клүбийг 2-1 харьцаатай ялан чухал хожлыг байгуулж ганцаар хэсгээ тэргүүлж эхэллээ. Харин Хангарьд клүбийн хувьд байдал эвгүйтэж ирсэн. Учир нь 31-89 баг өнөөдөр Зүүн-Хараа бамбар багийг ялсанаар тэдэнтэй ижил 3 оноотой болоод байна. Хэсгийн сүүлийн тоглолтууд бүх хариултыг тодорхой болгох болно.

Маргааш МХБХ-ны футзалын ордонд нийт 12 тоглолт явагдах юм. 60-аас дээш насанд “Найрамдал” болон “Алдар” багууд өрсөлдөх болно.

ЭХ СУРВАЛЖ: http://www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна