Бидний үзээгүй машинууд

2016 оны 1 сарын 28

Бид бүгд авто машины нэгэн хэвийн тогтсон уламжлалд дасжээ. Volvo-г сонсоод бид гэр бүлийн аюулгүй баталгаа мэтээр төсөөлдөг. Харин Aston Martin таны  орон сууцаас үнэтэйг мэднэ. Гэхдээ шинэ цагийн машины загварууд цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байна. 

Volvo Air Motion. Volvo ба «Формула-1» хоёр ямар холбоотой вэ? Volvo Air Motion супер гэж тодорхойлсон загварын хэвлэлийн мэдээнд “Ф-1 шиг хэрнээ хөнгөн  суудлын машиныг та төсөөлөөд үз дээ” гэж бичсэн байна. 2010 онд уг машиныг танилцуулахдаа энэ анхдагч  загварын жин нь 450 кг гэж зарласан юм.

Энэхүү машин нь газраар нисэх мэт хурдална. Тодруулж хэлбэл, агаарын турбинуудын хүчээр явдаг гэсэн үг.

Турбинуудад агаар нь тусгай савнаас  шахагдан сэнсийг нь эргүүлж өгдөг.

Ferrari Pinin. «Феррари» гэж бид ярихдаа, сайндаа FF машин шигээ гурван хаалгатай, ер нь бол хаалга нь хоёр гэсэн төсөөлөлтэй байдаг. Тэгвэл энэ удаад алджээ! Ferrari ба Pininfarina 1980 оны Турины авто шоуд зориулан жинхэнэ седан загвар бэлтгэсэн байна. Седан төрөл гээд бид битүү бүхээг, ачааны  хэсэг нь тусдаа машиныг хэлдэг шүү дээ.

Энэ загварт Pinin гэх амархан нэр өгсөн бөгөөд нийтийн хэрэглээний замд явахад бүрэн тохиромжтой гэсэн баталгаагаа авсан ч ар талаа харах тольгүй байжээ.

Таван литрийн эзлэхүүнтэй V12 хөдөлгүүр бүхий уг загварыг  ганц хувиар хийжээ. Өнгөрсөн онд тэр загвар Hemmings дуудлага худалдаанд анхны үнэ нь 800 мянган ам.доллараас дуудсан гэдгээс өөр мэдээлэл алга.

Lamborghini Estoque. Бас нэг итали седан загварын машиныг Lamborghini компани бүтээжээ. Санта-Агата хотын  компани 2008 онд Estoque гэдэг загварыг бүтээсэн юм.

Энэхүү загвараа «Эсток» гэж нэрлэсэн байна. Дахиад л бухын тулаанаас авсан нэр аж. Бухын тулаанд хэрэглэдэг хоёр бариултай жадыг тэгж нэрлэдэг аж.

Дөрвөн хаалгатай анхны загвар нь Mercedes-Benz S 63/65 AMG  машинтай өрсөлдөж болно гэж Lamborghini үзжээ. Энэ бүтээлээ 560 морины хүчтэй V10 хөдөлгүүрээр тоноглосон байна. Харин энэ машин үйлдвэрийн дамжлагад ороогүй юм.

BMW Pick-Up Powered by M. BMW компанийн M-загварууд амьдралаас хэтэрхий хол, тансаг зэрэглэлийн гэж төсөөлдөг бол үнэндээ тийм биш. Тийм гэдгийг M3 пикаптай танилцаад л ойлгоно. Пикап буюу ачааны зориулалттай M3 нь машин ихээхэн анхаарал татна.

Ер бусын энэ машиныг BMW компани дамжлагынх эсвэл зүгээр загвар төдийгөөр бүтээсэнгүй. Дөрвөн сарын 1-ний тоглоом шиг л 2011 онд гараад ирсэн байв.

Энэхүү пикап 420 морины хүчтэй, дөрвөн литрийн эзлэхүүнтэй хөдөлгүүр, хурдны механик хайрцагтай. Энэ машин үйлдвэрийн дамжлагад тавигдаагүй бөгөөд түүнийг компанийн инженерүүд өөрсдийн хэрэгцээнд зориулан ашиглаж байна.

Porsche 959. «Порше» 959 загварыг эхлээд уралдааны машин гэж сэтгэн хийжээ. Нийт 200 орчим машиныг омологаци гэх төгсжүүлэх үйл ажилгааны зорилгоор  үйлдвэрлэсэн гэнэ.  Харин уг загварын  энгийн хувилбар нь цагт 314 км-ын хурд үзүүлдэг хамгийн хурдан үйлдвэрийн дамжлагын машин болжээ.

Porsche 959 машиныг раллийн домогт “В” хэсгийн уралдаанд оролцуулахаар төлөвлөж байжээ. Гэтэл машин гарах үед уралдааны аюултай хэсэг буюу “В” хэсгийг болиулсан байна. Тиймээс Порше компани машинаа “Ле-Маны 24 цагийн уралдаан”,  “Парис-Дакар” раллид шуурхай бэлтгэн өөрчилч чаджээ.

“Дакар”-т зориулагдсан загвар 1985 онд гарч ирлээ.

Aston Martin Cygnet. Cygnet загварын урьдчилгаа болсон туршилтын загварыг 2009 онд танилцуулж байхад “Астон”  үнэн хэрэгтээ хотын авсаархан жижиг цох гаргана гэдэгт хэн ч итгээгүй.

Гэтэл уг машин 2010 онд зах зээлд нийлүүлэгджээ. Хөдөлгүүрийнх нь хүчин чадал 98 морины хүчтэй бөгөөд байрнаасаа 100 км/цагийн хурдыг 12 секундэд авч байв. Утаа хаялтыг нь багасгах гээд британичууд энэ машиныг  хийжээ.

Cygnet бусад загваруудыгаа бодвол хямд  машин байлаа. 2013 онд ийм машин 35 мянган евроны үнэтэй зарагджээ. Гэтэл гурван жилд 150 орчим худалдан авагч л энэ машиныг сонгожээ.

Touring Maserati Quattroporte Bellagio Fastback.  2008 оны энэхүү бүтээл ер нь хол яваагүй.

Ер бусын Quattroporte  машиныг Вилла Д’Эсте гэдэг дэгжин машины уралдаанд зориулан  итали бүхээгийн мастерууд бүтээжээ. Тэд спорт седаныг  дундын  нэг төрөл болгож чадсан.

Maserati маркийн энэ загварыг 4,2  литрийн V8 хөдөлгүүртэй хийсэн бөгөөд 100 км/цагийн хурдыг 5,2 секундэд авдаг аж. Дээд хурд нь 275 км/цаг байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна