МАН-ын бүлэг завсарлага авлаа

2016 оны 1 сарын 28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын Дээд Шүүхийн саналыг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Завсарлага авах болсон үндэслэлээ тус бүлгийн дарга С.Бямбацогт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын Тамгын газрын тогтоохгүй. Дээр нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээгүй. Ийм байтал яаралтай дэгээр хэлэлцэх гэсэн горимоор оруулж ирлээ. Олон олон хууль зөрчиж байгаа учраас ажлын тав хоногийн завсарлага хүсч байна” гэсэн юм.

Мөн завсарлага авахын өмнө УИХ-ын гишүүн Я.Содбаатар “УИХ-ын дарга аа, та хурал удирдах эрхтэй болохоос гишүүдийн үг хэлэх эрхийг хаах ёсгүй. Монгол Улсын хууль дээдлэх ёс алдагдаж байна. Энэ зааланд Үндсэн хуульд эргэлт хийх гэж байна. Өөрийнхөө эсрэг хүнтэй дайтахын тулд энэ асуудлыг яаралтай дэгээр оруулж болохгүй. Яаралтай дэгээр оруулж хэлэлцүүлэх асуудал тусдаа. Өнгөрсөн баасан гаригт хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдээгүй. Сүүлийн үед та байнга хууль зөрчдөг болсон”.

УИХ-ын дарга З.Энхболд: Холбогдолгүй юм яриад байна. Хууль зүйн байнгын хороо хууль зөрчсөн юм уу. Д.Ганбат гишүүн хариулаадах.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: Хууль зөрчөөгүй, хуулийг дээдэлж ажиллаж байгаа. Цэцийн гишүүнийг томилох чөлөөлөх эргүүлэн татах асуудлыг хуулийн дагуул хэлэлцсэн, саналаа ирүүлсэн тохиолдолд долоо хоногийн дотор хэлэлцэн батлахаар заасан байгаа. Цэцийн гишүүнийг эргүүлэн татах бол анх дэвшүүлсэн байгууллагын саналаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэг, Улсын Дээд Шүүх саналаа ирүүлсэн. Энэ талаар хуульд цагаан дээр хараар бичсэн байгаа. Хуйвалдана, зөвшилцөнө гэх юм. Энэ чинь жинхэнэ фашизм.

Хууль зүйн байнгын хороо хуулийн дагуу хуралдсан шүү. Хууль зөрчсөн эсэхийг С.Бямбацогт, Я.Содбаатар нар тогтоохгүй.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна