Серена Уильямс аваргын төлөө өрсөлдөнө

2016 оны 1 сарын 28

"Австралийн нээлттэй тэмцээн"-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шигшээд АНУ-ын Серена Уильямс шалгарлаа. Тэрээр хагас шигшээд Польшийн А.Радваньскаг 6:0, 6:4-өөр хожиж, аваргын төлөө өрсөлдөхөөр үлдлээ. Энэ жил аваргаа хамгаалахаар тоглож буй Серена Германы А.Кербер Их Британы Конта нарын хожсонтой нь финалд тоглох юм.

Серенагийн хамгийн хүчтэй өрсөлдөгч ОХУ-ын Мария Шарапова байсан. Тэд шөвгийн наймд учраа таарсан бөгөөд Серена 6:4, 6:1-ээр өрсөлдөгчөө хожсон юм.

Ийнхүү дэлхийн шилдэг 128 теннисчин өрсөлдсөнөөс дэлхийн чансааг тэргүүлж алдарт Серена Уильямс финалд шалгарлаа. Түүний хувьд "Их дуулга"-ын 21 цомыг өргөөд байгаагаас "Австралийн нээлттэй тэмцээн"-д 2003, 2005, 2009-10, 2015 онуудад түрүүлээд байна. Польшийн А.Радваньскагийн хувьд 2014 онд үзүүлж байсан амжилтаа давтлаа.

Нэгдүгээр сарын 18-нд эхэлсэн "Australian Open-2016" тэмцээний шагналын сан нь 44 сая ам.долларт багтжээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шөвгийн наймд үлдвэл 400 мянган, хагас шигшээд 800 мянган, дэд аварга 1,9 сая ам.долларын мөнгөн шагнал хүртэнэ. Харин тэмцээний аварга 3,8 сая ам.долларыг өөрийн болгох юм.

НЭМЭЛ: 13.30 цаг:

Германы А.Кербер Их Британы Контаг 7:5, 6:2-оор хожсоноор финалд Серенатай өрсөлдөхөөр боллоо.

Ч.БОЛОР 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна