БОХХААБХ-ны ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллав

2016 оны 1 сарын 28

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гарсан удирдамжийн дагуу Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших “Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах эсэх талаарх асуудлыг судлах” ажлын хэсэг 2016 оны 01 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Гурван тэс суманд ажиллав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг ажлын хэсгийг ахлан ажилласан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Ирвэс хамгаалах сангийн холбогдох албан тушаалтнууд болон судлаач, биологичийн төлөөлөл багтсан юм.

Ажлын хэсгийн гишүүд эхлээд Тост, Тосон бумбын нуруунд газар дээр нь очиж ажиллахдаа хаана, ямар газарт тусгай зөвшөөрөл олгогдсон талаар тодруулсан юм. Өнөөдрийн байдлаар ашиглалт, хайгуулын 12 тусгай зөвшөөрөл тус нутагт олгогдоод байгаа аж. Тухайлбал Тооройт уул, Зүрх уул орчим “Меншикуание” компани 68.885 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан бол Гашуу толгой орчимд “Сауд гоби коэл транс” компани 43.153 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгадаас баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог аж.

Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан номонд орсон цоохор ирвэс өндөр нягтаршилтай идээшин амьдардаг цөөхөн байршлуудын нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний амьдрах онцгой орчин гэдгээрээ тусгай хамгаалалтад авах нь чухал ач холбогдолтой ажээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ-ын 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг “Орон нутгийн хамгаалалтай газар” болгохоор шийдвэрлэсэн байна.

Уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж, тээвэрлэлт хийсний улмаас олон салаа зам үүсч, шороо тоос дэгдэж, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдснаар байгаль орчинд бохирдол үүсч, зэрлэг ан амьтан дайжих үзэгдэл нэмэгдэж байгааг нутгийн иргэд хэлж байв. Түүнчлэн хайгуулын өрөм тавьж дээж авах зэргээр цооног ухсанаар зэрлэг ан амьтан, мал нүхэнд унаж эрсдэх аюулууд ихээр гарах болжээ. Мөн булаг, шанд ширгэж, айл, өрхийн ундаалдаг худагийн ус татарч, амьдрах аргагүй болж байгааг хэлж байсан.

Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг энэ үеэр хэлэхдээ, Улсын Их Хурлын 9 гишүүн “Тост, Тосон бумбын нурууг улсын тусай хамгаалалтад авах” тогтоолын төсөл өргөн барьж, Засгийн газраас санал авахаар илгээсэн байгаа. Тогтоолын төслийг батлуулахын тулд газар дээр нь ажиллах шаардлага байсан учир ирж ажиллаж байна. Тост, Тосон бумбын нуруу нь Монгол Улсын нэн ховор амьтан, ургамалтай нутаг. Яг газар дээр нь ирээд ажиллахад зөвхөн ан амьтны асуудал биш байна. Энэ нуруу бол хамгийн олон малтай, олон малчинтай говийн малчдын хамгийн чухал газар нутаг байна гэдгийг олж харлаа. Энэ орчимд тоорой мод, нялх загийн төгөл маш ихээр ургасан байна. Мөн маш олон гол горхи эндээс эх аван урсч байна. Хэрэв Тост, Тосон бумбын нуруунд байгаа лицензтэй компаниуд үйл ажиллагаа явуулж эхэлвэл нутгийн ард иргэд цаашид амьдрах боломжгүй болохын зэрэгцээ говь нутгийн эко систем эвдрэх эрсдэл харагдаж байна. Мөн Гурван тэс сумын зүүн хэсэгт орших Баясах багийн нутаг дэвсгэрт гурван компани уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар бэлэн болсон байна. Энэ багт 197 малчин өрх мал маллаж, амьдралаа залгуулж байна. Гэвч нутгийн 70 орчим хувь нь уул уурхайн лицензд багтаад байгаа. Гурван тэс сумын нутагт 4 том компани уул уурхайн үйл ажиллагаагаа явуулж байна. Нутгийн иргэд эдгээр компани л үйл ажиллагаа явуулж байхад хангалттай гэдгийг хэлж байсан. Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад энд байгаа тусгай зөвшөөрөлтэй компаниудыг гадна нь гаргахаар Засгийн газраас кординатаа гаргаж өгсөн. Харин бид энэ нутгийг бүхлээр нь тусгай хамгаалалтад авах шаардлага байна гэж харж байгаа гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл Тост, Тосон бумбын нурууг газар дээр нь ирж үзлээ. Энэ нутагт ховордсон ан амьтан, ургамал олныг олж харлаа. Мөн гол горхи, булаг шанд энэ нуруунд нэлээдгүй байна. Гэтэл булаг шандыг нь тойруулаад уул уурхайн хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгосон байгаагаас үүдэн нутгийн иргэдийн ундны усны асуудал маш хурцаар тавигдана гэсэн үг юм. Мөн Тогтвортой хөгжлийн нэг том зорилт буюу ялангуяа Монгол Улсын хэрэгжүүлэх зорилт нь хуурай газрын эко системийг хамгаалана гэж байгаа. Хуурай газар дотроо говийн эко систем бол маш том радиустай байдаг. Тиймээс говийн эко систем нь маш том газар нутгийг хамгаалж байж тогтвортой хөгжлийн зорилт биелэнэ гэсэн үг. Гэтэл эко системийн хил хязгаараар нь бус орд газар гэдгээр нь ажиллаад эхэлж байна. Энэ дэлхий нийтийн хүсч байгаа зорилгын эсрэг явж байгаа үзэгэдэл юм гэдгийг хэллээ.

Мөн ажлын хэсгийн гишүүд Гурван тэс суманд гар аргаар олборлолт хийж байгаа иргэдтэй уулзахын зэрэгцээ тус сумын иргэдтэй уулзаж, тэдний саналыг сонсож, харилцан мэдээлэл солилцов.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд Гурван тэс сумын Баясах багийн хуралд оролцов. Баясах багийн хуралд “Хайрхан толгой коэл” ХХК тус багийн иргэдэд явуулах гэж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүд мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа болон бусад албаны хүмүүстэй уулзаж Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар санал солилцов.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна