“Шангрилла”-д дахин гал гарлаа

2016 оны 1 сарын 28

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудлын зүүн талд өргөтгөл хэлбэрээр баригдаж байсан үйлчилгээний барилгын таван давхар буюу дээврийн хэсэгт гал гарч, гал унтраах анги шуурхай ажилласны хүчинд гал тархалгүй унтарчээ.

Нийслэлийн Онцгой байдлын шуурхай албанд 11.56 цаг “Шангрилла” зочид буудлын дээврээс утаа гараад байна гэсэн тусламжийн дуудлага иржээ. Дуудлагын дагуу 12.02 цагт Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар ангийн дөрвөн машин 30 аврагчид газар дээр нь очиж шуурхай ажилласнаар 10-15 минутын дараа галыг бүрэн унтраасан байна. Өргөтгөлийн барилгын таван давхар буюу дээврийн хэсэгт гал 10-15 метр квадрат талбайг бүрхсэн байжээ. Аврагчид галыг унтраах явцад галын голомт буюу гал гарсан эх үүсвэр хаана байгааг тогтоох гэж хугацаа алдсан байна.

Одоогоор гал юунаас болсныг тогтоогоогүй байна. Гал гарсан өрөөний буланд их хэмжээний эд зүйлс өрөөтэй байсан учир цаг алдвал гал өргөн хүрээнд тархах аюултай байсныг Д.Эрдэнэбаатар дарга хэллээ. Одоогоос хоёр жилийн өмнө 2014 оны есдүгээр сарын 30-ны өдөр  төв  “Шангрилла” зочид буудлын барилгын долоон давхраас гал алдаж, галын тархалт барилгын орой хэсэгт хүрээд байсан. Аврагчид тухайн галыг бүрэн унтраах гэж хоёр цаг орчим хугацааг зарцуулсан байдаг. Гэвч одоог хүртэл тухайн үед гарсан галын хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа гэнэ. Энэхүү хэргийг цагдаагийнхан шалгаж буй аж. Өмнөх галын шалтгаан, хохирлыг тогтоогоогүй байхад ийнхүү дахиад тус зочид буудалтай холбоотой галын хэрэг нэмэгдэж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна