ИЗНН-ын Үндэсний хороо хуралджээ

2016 оны 1 сарын 28

ИЗНН-ын Үндэсний хорооны  ээлжит хурал саяхан хуралдаж, улс орны өнөөгийн улс төр, нийгмийн байдал, ИЗНН-ын “Амьдрал” мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар намын удирдлагын илтгэлийг хэлэлцүүлэн, үнэлэлт, дүгнэлт өгчээ. Үндэсний хороо ИЗНН Шинэчлэлийн засгийн газрын бүтцэд орж, БОНХЯ-ыг удирдан ажиллахдаа Монгол Улсын  Ногоон хөгжлийн бодлогыг УИХ-аар батлуулан, байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэхэд иргэн болон иргэний нийгмийн оролцоотойгоор бүтээлч, санаачлагатай ажилласныг үнэлжээ. Түүнчлэн УИХ дахь төлөөлөл татварын шинэчлэл, жижиг дунд бизнесийг дэмжих, хамгаалах чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, батлуулан эдийн засгийг либералчлахад санаачлагатай ажиллаж байгааг сайшаасан байна.

Мөн хуралдаанаар Сонгуулийн шинэ хуулийн хүрээнд 2016 оны  бүх шатны сонгуульд ИЗНН ямар тактик, стратеги баримтлах талаар тал талаас нь хэлэлцэж, энэ чиглэлээр ажиллах ажлын хэсэг байгуулж, тодорхой санал боловсруулан дараагийн Үндэсний хорооны хуралд оруулж ирэхийг намын удирдлагууддаа даалгажээ.  

Намын удирдлага өнөөдөр хуралдаж Үндэсний хорооноос өгсөн үүрэг даалгаврын хүрээнд ажлын хэсэг байгуулах талаар шийдвэр гаргах юм байна.  

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна