Х.Тэмүүжин: Цэцийн гишүүн фактласан

2016 оны 1 сарын 28

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах тухай асуудлыг УИХ-аар өнөөдөр хэлэлцсэн. Энэ асуудал нь УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчсөн гэж МАН-ынхан үзээд тав хоногийн завсарлага авсан юм. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдалд УИХ дахь хуульч гишүүд хэрхэн хандаж байгаа талаар сэтгүүлчдийн асуултанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариуллаа.

-Цэцийн даргыг огцруулах үндэслэл нь юу юм бэ?

-Монгол Улсын "Үндсэн хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн дарга болон гишүүн хууль зөрчсөн бол эргүүлэн татах асуудлыг нэг бол Цэцийн шийдвэрээр нэг бол анх илгээсэн байгууллагын саналаар УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ" гээд заачихсан байгаа. Ямар асуудлаар хандсан бэ гэхээр урьд өмнө нь олон хүн ярьдаг байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, тэр дундаа цэцийн удирдлага хууль зөрчөөд байна гэж. Ямар нэгэн баримт, нотлох үйл явц хангалттай хийгддэггүй. УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж дүгнэлт гаргаж байсан. Тэр нь ямар нэгэн баримтаар нотлогддоггүй байсан учраас хариуцлага тооцох асуудал хөндөгддөггүй байлаа.

Сая Цэцийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбоотойгоор 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш анх удаагаа Цэцийн шийдвэр гараагүй, маргаантай асуудлыг Цэц дунд суудлаараа хуралдан шийдвэрлээгүй байхад Цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэг бүхий албан бичгээр Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж, хуулийн үйлчлэлийг зогсоох тухай УИХ, Дээд шүүх, Ерөнхийлөгчид хүргүүллээ. Энэ бол факт. Цэцийн тухай хуульд маш тодорхой заасан. Цэцийн гишүүн шийдвэрлэх гэж байгаа маргааныхаа асуудлаар урьдчилсан дүгнэлт хийх, түүнийгээ илэрхийлэхийг хориглосон байдаг. Гэтэл УИХ болон Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхэд цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэгтэй албан бичиг явуулсанаар хууль зөрччихлөө. Хуулийн үйлчлэлийг зогсоох тухай, дээд шүүх болон эрх бүхий албан тушаалтнууд ямар үйлдэл хийх, хийж болохгүй тухайгаа цэцийн дунд суудал хуралдаагүй, шийдвэр гараагүй байхад урьдчилан мэдэж, урьдчилан шийдвэрлэж, эрх мэдлээ хэтрүүлэн бусдын бүрэн эрхрүү халдаж буйгаа цэцийн нэр бүхий удирдлага өөрийн гарын үсэг, Цэцийн тамгаар баталгаажуулсан байна. Энэ бол өөрөө факт, нотлох баримт.

-Ямар, ямар хууль зөрчсөн юм бэ?

-Цэцийн хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг зөрчиж, Дээд шүүх, Ерөнхийлөгч болон УИХ-ын бүрэн эрх рүү халдаж байна. Тиймээс хууль зөрчсөн үйлдэл нь илт байгаа учраас хариуцлага тооцох ёстой гэдэг асуудал хөндөгдсөн. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль зөрчвөл эгүүлэн татах, УИХ-ын дэгийн хуульд зааснаар тав хоногийн дотор шийдвэрлэх гэсний дагуу хариуцлага ярьж байна. УИХ-ын дэг зөрчигдсөн асуудал байхгүй. Асуудал тодорхой байхад шийдвэрлэхээс өөр аргагүй.

-ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг буруутай гэдгийг хаанаас тогтоосон бэ?

-Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр албан тушаалтан хөрөнгөө мэдүүлээд өөрөө гарын үсэг зурчихаад, тухайн хөрөнгө нь худлаа байвал зурсан гарын үсгээрээ хариуцлага хүлээнэ. Албан тушаалтны гарын үсэг гэдэг хариуцлага хүлээх хүн нь өөрөө гэсэн баталгаа. Энэ асуудлаар, ийм албан бичиг явуулах эрх мэдэлтэй байсан уу, албан тоот явуулахад хуулийн ямар зүйл заалт иш болгов, яагаад дунд суудлын хуралдааны бүрэн эрх, маргааныг урьдчилан шалгаж байгаа гишүүний эрх мэдлийг булаан хэрэгжүүлэв, Дээд шүүх болон УИХ, Ерөнхийлөгчид шууд зааварчилж, хуулийг үйлчлэлийг зогсоох эрхтэй юу гэх мэт асуултыг Цэцийн даргаас өөрөөс нь асуух нь зүйтэй.

-АН-ынхан ҮХЦ-ийг авах гээд байна. Өөрөөр хэлбэл, цэцийн даргаар Р.Гончигдорж сонгогдоно гэсэн яриа олон нийтийн дунд байна. Энэ үнэн үү?

-Хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай яригдахад түүнийг саармагжуулах үүднээс ийм мэдээ тараах нь хэвийн үзэгдэл байдаг. Бид ямар нэгэн хүн томилох тухай яриагүй. Цэцийн удирдлага хууль зөрчсөн үйлдэл дээр хариуцлага тооцох тухай ярьж байна.

-Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулаад цэцийн гишүүдийн насыг тогтоосон. Энэ хуулиар найман гишүүн чөлөөлөгдөх юмуу? Энэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Германд Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн насын дээд хэмжээг 68 байхаар тогтоосон. Германчууд арай урт насалдаг учир 68-аар тогтоосон байх. Бид бол ҮХЦ-д зориулж ийм хууль гаргаагүй. Одоо үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуульд төрийн алба хаах дээд нас 65 байдаг. Цэцийн гишүүн болон өөр ямар нэгэн албан тушаалтанд зориулж гаргасан шийдвэр биш. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн үйлчлэлд тэр хүмүүсийг оруулж ирсэн.

Т.ДАВААНЯМ

     

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна