Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлж байна. Тогтоол хоёр зүйлтэй бөгөөд эхний зүйлд УИХ Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоох, хоёрдугаар зүйлд УИХ Засгийн газарт Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хэлэлцээ хийж шийдвэрлэхийг үүрэг болгохоор тусгасан.

Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 хувь байхаар тогтоож, мөн тус хуульд заасны дагуу 34 хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг гурван хувиар төлөхөөр хэлэлцээ хийж ирсэн.

Гацууртын алтны үндсэн орд нь 50 тонн баталгаат, 26 тонн тодорхой нөхцөлд үр ашигтай алтны нөөцтэй, ашиглалтад ороход бэлэн болсон төсөл юм. Тус ордод есөн  жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулах ажээ.  Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх ба 1000 орчим ажлын байр бий болгоно. Мөн уг ордоос олборлосон алтыг Монгол банкинд тушаана гэдгийг өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж