Л.Гантөмөр оюутнуудад зохион бүтээгч инженер болж ирэхийг захилаа

2016 оны 1 сарын 28

 

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор Япон Улсад нийт 1000 гаруй инженер сургаж бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл амжилттай хэрэгжиж байна.

 

Тус төслийн хүрээнд өнөөдөр нийт 94 оюутан, багш судлаачдад Япон улсын их, дээд сургуулиудад суралцах эрхийн бичиг, батламжийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр гардууллаа. Тус ёслолын ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар оролцлоо.

 

 

Энэ үеэр салбарын сайд Л.Гантөмөр Японд суралцахаар явж буй оюутнуудад “Япончууд биднийг үйлдвэрлэгч орон болоосой гэж хүсч байгаа. Үйлдвэрлэгч орон болохын тулд та бүгдээс өөрөө хийж чаддаг инженер, өөрөө зохион бүтээж, шинийг санаачлагч, асуудлыг шийддэг хүн болохыг төр засгаас шаардаж байна. Мөн 24 жилийн өмнө яг та бүхэн шиг Япон улсад тэтгэлгээр сурахаар явж байсан ах хүний хувьд захихад японы ард түмний ажилсаг, хичээнгүй, шударга чанараас сайн суралцаарай. Дүнгийн хойноос хөөцөлдөх биш лабораторид цагаа сайн өнгөрүүлээрэй” гэдгийг захилаа.

 

Япон Улсын Коосэн сургуульд суралцах болсон оюутнууд энэ үеэр сэтгэгдлээ хуваалцлаа. Токио Коосэн-д элсэн суралцах Ц.Энх-Гэрэл нь “4 сараас эхлэн Токио Коосэны цахилгааны мэргэжлээр сурах болсондоо баяртай байна. Миний мөрөөдөл бол хүний тархины ажиллагаанд суурилсан компьютер бүтээх юм. Хичээн суралцаж, заавал гайхамшигтай мэргэжилтэн болохыг хүсч байна.” Гэлээ.

 

Ариаке Коосэн-д суралцах А.Тулга нь “Хүний амьдралын замыг уулаар жишээ авах нь их. Бид инженер болох замналын уул руу авирч байна. Инженер гэх мөрөөдлийн уулын оргил хүртэл хичээх болно. Коосэн хөтөлбөр бидний хувьд уулын оргилд хүрэх том алхам болж байна. Бид бүхэнд Япон улсын Коосэн сургуульд суралцах боломжийг олгож өгсөн Япон Монгол хоёр улсын Засгийн газарт талархаж байна. Гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээлцэхийн төлөө хамаг хүчээ дайчлан суралцаж, шилдэг мэргэжилтэн болох болно” хэмээлээ.

 

 

 

 

 

 

 

Д.УУДАМ