Бүргэдчин охины тухай кино хийжээ

2016 оны 1 сарын 28

2014 онд гэрэл зурагчин Asher Svidensky-ийн хараанд өртөж, дэлхийн нэр хүндтэй олон мэдээллийн хэрэгслүүдээр бүргэдээр ан хийдэг 13 настай Казак охин болох Айсолпан дэлхийн танил болж байсан билээ.

Гэрэл зурагчин Asher Svidensky-ийн авсан тэдгээр зургуудыг харсан Англи гаралтай Америк найруулагч Otto Bell-ийн сонирхлыг Айсолпан охин маш ихээр татсан учир түүний амьдралын талаар кино хийсэн нь Европын орнуудад хэд хоногийн өмнө нээлтээ хийжээ.

“Eagle Huntress” нэртэй энэхүү кино нь Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казак ард түмэн болоод бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж эхэлсэн цорын ганц эмэгтэй анчин болох Айсолпаны хүсэл мөрөөдлөө олсноос гадна эмэгтэй хүн ан хийж чадахгүй гэсэн хүмүүсийн эсэргүүцлийг давахын тулд 70 эрэгтэй анчидтай өрсөлдөн өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буйг харуулах ажээ.

Кино нийт 87 минут үргэлжлэх бөгөөд Казак хэл дээр зураг авалтаа хийж, англи хэлээр хадмалтай үзэгчдэд хүрч байгаа аж. Одоогийн байдлаар энэхүү кино нь IMDb-д 10.0-аас 9.0 онооны үнэлгээтэй байна. Киноны албан ёсны дуу болох “Angel by the Wings”-г дуучин Sia дуулжээ.

Г.СҮМБЭЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна