“Эрдэнэс Монгол”-д боломж олгоно

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Монгол”-д боломж олгоно

Монгол Улсын ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээхтэй холбоотой нийгмийн харилцааг 2009 онд батлагдсан Хүний хөгжил сангийн тухай хуулиар зохицуулж ирсэн.

Тодруулж хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүний хөгжил сангийн тухай хуулиар иргэдэд хувь хишиг хүртээх сангийн орлогын эх үүсвэрүүдийг тодорхойлж, түүнийг бүрдүүлэх, арвижуулах арга зам, сангийн удирдлага, санд хөрөнгө төвлөрүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд, түүний удирдлага, зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийг томилох, сангаас хувь хишиг хүртээх хэлбэр, зарчим, түүний хувь хэмжээг тогтоох, сангийн төсвийн төслийг боловсруулах, батлах, сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан байдаг.Гэвч сангийн хөрөнгийн орлогын эх үүсвэрийг удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон улсын компанийн сайн засаглалын зарчмууд болон Монгол Улсын Компанийн тухай хуулийн үзэл санаа, үндсэн зарчимд нийцүүлэх хэрэгцээ шаардлага байна.

Гэтэл өнөөдрийн үйлчилж байгаа хууль тогтоомжийн зохицуулалт нь сангийн хөрөнгийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад зарим нэгэн хүндрэл бэрхшээл учруулж байна. Урьд нь “Эрдэнэс Монгол” компанийн бизнесээ өргөжүүлэх, үйл ажиллагааны зээлийн урьдчилгааг Хүний хөгжил сан татан авч, ард иргэдэд тарааж орхисон гашуун туршлага ч бий гэнэ. Түүнчлэн, тус санд орлого төвлөрүүлэхийн тулд тухайн хуулийн этгээд ашгийн төлөө, улс төрөөс хараат бусаар арилжааны зарчмын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой байтал түүний удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх, үйл ажиллагаа явуулах шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргаж байдаг. Мөн Хүний хөгжил сангийн тухай хуульд компанийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагатай холбоотой харилцааг шууд зохицуулсан заалтууд байгаа нь Монгол Улсын компанийн тухай хуулийн зарим зүйл заалттай агуулгын хувьд зөрчилдөж засаглалын ойлгомжгүй бүтцийг бий болгосон. Иймд зөрчилтэй зохицуулалтыг засахаар Хүний хөгжил сангийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан байна. Хүний хөгжил сангийн хууль батлагдсанаас хойш Төрийн аудитын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай хууль гэхчлэн цөөнгүй хуулиуд батлагдан гарсан. Тэр бүгдтэй уялдуулахын тулд Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас аргагүй ажээ.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж, компанийн удирдлагын зөв бүтцийг Компанийн тухай хуулийн ерөнхий агуулга, зарчим, зохицуулалтын дагуу бүрдүүлж, компанийн ашгийн төлөө, хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж бий болно. Харин Хүний хөгжил сангийн хөрөнгийн ерөнхий удирдлага нь Сангийн яаманд хэвээр хадгалагдан үлдэнэ гэж Уул уурхайн сайд мэдээлэв.

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж