Азийн оддын хөөрхийлөлтэй тавилан

2016 оны 1 сарын 28

Азийн поп урлаг зөвхөн ази тивээр хүрээгээ хязгаарлахаа болих хандлага ажиглагдаж байгаа өнөө үед энэ салбартай холбоотой олон хов жив, харамсалтай хэргүүд гарч, олныг цочирдуулдаг билээ.

Тэдгээр “Под Одууд” нь Ази тив, тэр дундаа Өмнөд Солонгос болон Японд илүү өндөрлөгт хүрсэн байдаг. Өсвөр насны хүүхдүүдийн атаархлыг төрүүлэм эдгээр одууд нь шударгаар хэлэхэд үзэгчдийнхээ мөрөөдлийг зарж амьдардаг гэхэд болно.

Гэвч тэд олон нийтэд зөвхөн гэрэлтэй гэгээлэг талаа илүү харуулж ирснээс болоод ч тэр үү, “урлагийн хүний хатуу тавилан”-гаасаа болоод ч тэр үү, олсон алдар нэр хүндээсээ ч илүү ихийг төлөх нь бий.

Хэдийгээр, К-ПОП болон (Солонгосын) Ж-ПОП (Японы) ертөнцөд эргэлдэж буй арилжааны мөнгөн дүн хэдэн зуун сая доллараар хэмжигддэг боловч хамтлаг дуучид нь төдийлөн их хэмжээгээр цалинждаггүй нь сүүлийн үед ил болоод байгаа юм.

“Одод болохын хүслэн” нь ямар хүчтэй байдгийн тэдний агентлагаас гаргаж өгсөн хатуу дүрэм журам харуулж болох юм. Японд гэхэд олон залуу уран бүтээлчид хэн нэгэнтэй гэрлэж гэр бүл болох нь битгий хэл нь болзоонд явах нь зөвшөөрөгдөөгүй асуудал байдаг бөгөөд хэрвээ хэн нэгэнтэй үнэхээр гэрлэх нөхцөл байдал үүссэн бол заавал агентлагаасаа зөвшөөрөл авах хэрэгтэй.

Энэ мэт хувийн амьдрал дахь эрх чөлөөгөө хязгаарлуулснаасаа болж нэр хүндээ алдсан жишээнүүд олныг дурдаж болно. Хоёр жилийн өмнө Японы АКВ48 охидын хамтлагийн гишүүн Минами Минегиши гэрээгээ зөрчин найз залуутайгаа нэг шөнийг өнгөрүүлснээсээ болж үсээ хусуулж, фэнүүдээсээ уучлал гуйж байлаа.

Энэ бол нэр алдартай эмэгтэй хүний хувьд гутамшигтай алхам болсон нь мэдээж хэрэг юм.

“Хэдийгээр 1940-өөд оны үед баруунд, өөрөөр хэлбэл АНУ-ын кино ертөнцөд энэ мэт төстэй хяналтын тогтолцоо байсан боловч зохион байгуулагчдын зүгээс жүжигчдийнхээ хувийн амьдралд одоогийн Азийн улсуудад тогтсон шиг хяналттай байгаагүй”-г Японд төвтэй Биллбоард сэтгүүл онцолжээ.

Харин Солонгост байдал арай дээр. Учир нь Солонгосын продакшнууд өөрсдийн дуучдад хүнтэй үерхэж, гэрлэх эрхийг нь харьцангуй нээлттэй олгодог боловч өөрсдийн “бүтээгдэхүүнийхээ” өдөр тутмын амьдралд оролцдог хатуу гар нь байсан хэвээр байдаг байна.

Манай орноос ялгаатай нь урлагийн хүн болохыг хүссэн хэн ч болов бага наснаасаа продюсерийн хараанд өртөж, олон жил нойр хоолоо хасан, тайзны хүн болоход бэлтгэгддэг. Хэрэв та аль нэгэн агентлагийн үүдээр алхан орлоо гэж бодоход залуу сурагч нар нь бүгд хэнийг ч болов хүндэлж эелдгээр мэхийн бөхөлзөнө.

Өөрсдийн бай болсон үзэгчдийнхээ сэтгэлд бүрэн нийцэхийн тулд удирдлагынхаа зааварчилгаагаар косметик хагалгаанд орж, шинэ хүн болох нь уран бүтээлийг нь хүн анхааран үзэх бас нэг том шалтгааны нэг болох учраас тэдэн дунд царай, стилиэрээ ялгарч чадахгүй бол олон жил хичээсэн хөдөлмөр нь зохих ёсоороо үнэлэгдэхгүй.

Үүнээс гадна энтертайнмент одууд нь улс төрийн асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлэх нь хориотой байдаг байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд хоёр долоо хоногийн өмнө Солонгосын JYP продакшнд харъяалагддаг 16 настай Тайвань охин  Чоу Цуюу-тэй холбоотой нэгэн шуугиан дэгдлээ. JYP гэдэг нь манай оронд нэг хэсэгтээ л од болсон Wonder Girls хамтлагийг продюсерлэсэн продакшн билээ.

Учир нь Twist нэртэй охидын хамтлагийн гишүүн болсон Чоу Цуюу өнгөрсөн арваннэгдүгээр сарын үед Солонгосын телевизийн шоунд орох үеэрээ Тайваний төрийн далбааг гартаа барьсан бичлэг нь Хятадын онлайн ертөнцөд шуугиан тарьж, үзэгчдийн уурыг хүргэжээ. Цаад санаа нь тэрээр өөрийн орны тусгаар тогтнолыг хүсэн хүлээж, Хятадаас хараат бус болохын хүсэмжилж байна гэсэн мессежийг Хятадын ард түмэнд өгсөн байна. Хятад дахь маш том зах зээлээ алдах шахсан JYP продакшн түүний болчимгүй үйлдлийнх нь хариу болгож, Чоу Цуюу охины өөрийн биеэр уучлал гуйсан бичлэгийг цахим хуудаснаа байршуулжээ.Тэрхүү бичлэгтээ Чоу Цуюу “Дэлхий дээр Хятад хэмээх ганц л улс бий. Би өөрийгөө Хятад хүн хэмээн үздэг бөгөөд үүгээрээ бахархаж байна” гэсэн утгатай үгсийг хэлжээ.

Үүнээс хэдхэн хоногийн дараа хөрш Япон улсад бас л ижил зүйл тохиолдов. Энэ удаа SMAP нэртэй хөвгүүдийн хамтлаг дуулианы эзэд болжээ. Тэдний үйлдсэн нүгэл нь харъяа агентлагаасаа гарах гэж оролдсон явдал гэнэ.

Ялгаатай нь тэд фэнүүдээсээ биш харин өөрсдийн Johnny & Associates агентлагийг үндэслэгч 84 настай өвгөн Жонни Китагавагаас уучлал эрсэн нь тэр ажээ. Тэрээр Японы энтертайнмент ертөнцийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эрхэм юм. Японы эрэгтэй хамтлагууд ер нь түүний удирдлага дор зах зээлд борлогдоход бэлэн болдог байна.

Ер нь энэ мэт Азийн орнуудын хамтлаг дуучдын хувьд хэн нь илүү популяр буюу “поп”вэ гэдгээ илэрхийлдэг нэг арга байдаг нь тайзан дээр, телевизийн нэвтрүүлэг, клип зэргийн үед тэрхүү нөлөө бүхий гишүүн нь үргэлж төвийн байрлал сахидаг нь анзаарагддаг. Тэгвэл энэ хамтлагийн хувьд агентлагаа орхихыг хүссэн дөрвөн гишүүний дунд хамтлагийн ахлагч өөрөө ч багтсан байсан учир, тэдэнтэй ижил зорилгогүй байсан ганц гишүүн болох Такуяа Кимура нь энэ мөчөөс эхлэн хамтлаг доторх байр сууриа батжуулаад буй нь энэ аж.

Тэдний тийнхүү уучлал гуйн зогсохыг харсан фэнүүд нь “Байгууллагын Боолууд” гэсэн хашилтыг ашиглан Twitter-ээр идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж байсан яг тэр үетэй давхцан Twitter дэлхий даяар 15 минут гацсан бөгөөд хамтлагийн фэнүүд уг явдлыг агентлагийн зүгээс зохион байгуулалттайгаар унагалаа хэмээн уурсацгаажээ. Тийм учраас үзэгчид улсынхаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад гомдол гаргасан байна.

Гэвч хамгийн сонирхолтой нь бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд болсон үйл явдлын мөрөөр мэдээлээгүй бөгөөд зөвхөн хамтлаг тарахгүй гэх мэдээг фэнүүд нь сонсоод хэрхэн тайвширч байгаа талаар л цацаж байжээ.

Тиймээс мэдээллийн ВВС агентлагийн зүгээс Японы Johhny & Associates продакшнаас болон Солонгосын JYP продакшнаас Чоу Цуюутай холбоотой тодруулга авахыг хүссэн боловч тэд татгалзсан байна.

Үүнийг уншин суух үед өөрийн орны уран бүтээлчдийн уран бүтээлээ туурвих болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хичнээн их болохыг өөрийн эрхгүй харьцуулах биз ээ. Хэдий жижиг зах зээлтэй ч, юу ч хийх бүрэн эрх нь тэдэнд бий. Ядаж л манайд 76-гаа шууд доромж үгээр хэлж, “Хужаа” гэж өмнөд хөршийгөө илт шүүмжилдэг хамтлаг хүртэл бий билээ.

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна