Улаанбаатар хот усан парк бүхий соёл амралтын цогцолбортой болно

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хот усан парк бүхий соёл амралтын цогцолбортой болно

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан энэ сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засаг нийгмийн салбарт томоохон дэвшил авчрах гэрээ хэлэлцээрүүдийг байгуулсан билээ.

Энэхүү түүхэн айлчлалын хүрээнд Монгол Шилтгээн ХК-ийн Улаанбаатар хотод усан парк бүхий “Соёл амралт аялал жуулчлалын цогцолбор”-ыг байгуулах төслийн санхүүжилтийг Унгарын Экспорт Импорт банк (Eximbank) болон Унгарын Экспорт даатгалын агентлагаас (MEHIB) олгоход хамтран ажиллах санамж бичгийг 2015.01.25-ны өдөр байгуулав.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдах тус цогцолбор нь европын стандартад нийцсэн, 4 улирлын турш ажиллах боломжтой, байгальд ээлтэй орчинг бүрдүүлэх, шинэ цагийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд байгуулагдах юм.

Тус цогцолборын бүтээн байгуулалтад санхүүжилт олгоход хамтран ажиллах санамж бичигт Унгарын худалдааны төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Шандор Ризак болон Голомт банкны гүйцэтгэх захирал Л.Оюун-Эрдэнэ Монгол Шилтгээн ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Амарбаатар нар гарын үсэг зурлаа.

Голомт банк харилцагчдынхаа бизнесийг дэмжих, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Унгарын Экспорт Импорт (Eximbank) банктай “Дунд хугацааны зээлийн санхүүжилт”-ийн гэрээг 2014 онд байгуулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж