Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.01.28/ хуралдаан 14 цаг 54 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг зөвшилцөв

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Зарим элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг зөвшилцөв. Энэ талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганхуяг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүрэнгийн Цоггэрэл, Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зэнээмядарын Батбаяр, Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдорж нарыг тус тус томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлжээ. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буй эдгээр албан хаагчид нь мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй тул улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой хэмээн үзсэн байна.

Мөн энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар нарыг эгүүлэн татах саналаа илэрхийлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гарсангүй. Ингээд Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын санал авсан юм. Мөн үүнтэй холбогдуулан зарим Элчин сайд нарыг эгүүлэн татахыг санал хураалтад оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Иймээс уг асуудлыг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Зарим улстай дипломат харилцаа тогтоох тогтоолын төслийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулав.

Манай улс 181 улстай дипломат харилцаатай ажилладаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг хэрэгжүүлэх үүднээс НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй 45 улсад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн монголын талын сонирхлыг албан ёсоор Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан удаа дараа уламжилж, одоогоор 32 улстай нь дипломат харилцаа тогтоогоод байгаа аж.

Харин энэ удаад Бүгд Найрамдах Габон Улс, Сент Люси Улс, Бүгд Найрамдах Нигер Улс, Бүгд Найрамдах Камерун Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс гэсэн 5 улстай дипломат харилцаа тогтоох саналыг Токио дахь Элчин сайдын яам болон Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан зөвшөөрч хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байгаа. Иймээс дээрх 5 улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг Засгийн газар энэ оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн талаар Гадаад хэргийн сайд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Ингээд эдгээр 5 улстай дипломат харилцаа тогтоох тухай санал хураалтыг улс тус бүрээр явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Дараа нь нууцын зэрэглэлтэй асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж