УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

2016 оны 1 сарын 28

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.28/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав нар Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан бүрэн эрхийн дагуу Улсын Их Хурлын даргын 2015 оны 228 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл, Я.Санжмятав, Я.Содбаатар, О.Содбилэг, Ж.Энхбаяр нар уг тогтоолын төслийн боловсруулжээ. Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”-ний төслийг Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, тогтоолын төслийг санаачлагчдад санал дүгнэлтээ уламжилсан болохыг төслийг өргөн мэдүүлэх үеэр Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.

“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газрын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдан, тухай бүр улс орны хөгжлийн үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, Улсын төсөв зэрэг бодлогын баримт бичигт тусгагдан хэрэгжих юм байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна