БОХХААБХ гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

2016 оны 1 сарын 28

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2016.01.28.Пүрэв гараг/ 15 цаг 40 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй хуралдаж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг өнөөдөр Төрийн ордонд болж буй Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны нээлттэй хэлэлцүүлгийг удирдан явуулж байгаа тул түүний оронд Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд хуралдааныг даргалан явуулав.

Байнгын хорооны хуралдааны эхэнд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлийг нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгээс гаргасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Ж.Энхбаяр нар санал хэлэв. Ингээд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлийг сонгох санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Мөн хуралдаанаар Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд болон “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах саналыг гишүүдийн олонх дэмжив.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна