Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

2016 оны 1 сарын 28

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр /2016.01.28/ өргөн барилаа.

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт хангалтгүй, үйл ажиллагаа эрхлэгчидэд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоогоогүй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн хөрөнгө, олгож буй нийт зээлийн хэмжээ тодорхойгүй, уг үйл ажиллагааг бүртгэх, хяналт тавих тогтолцоо байхгүйгээс энэ талаарх төрийн байгууллагуудын мэдээлэл зөрүүтэй, зээлийн үйл ажиллагааны улмаас эргэлдэж байгаа хөрөнгийн хэмжээ тодорхой бус байгаа бөгөөд энэ нь ломбардаар үйлчлүүлсэн иргэдийн эрх ашгийг хохироох, ломбардын үйл ажиллагаа эрхлэгчид татвар төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан, бусад орны эрх зүйн зохицуулалтыг судлан үзсэний үндсэн дээр ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх хууль зүйн үндэслэлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд тусгажээ

Түүнчлэн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо олгож, уг үйл ажиллагаанд хяналт тавьж, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх журмыг батлахаар холбогдох нэмэлтийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна