“Тод магнай” cэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

2016 оны 1 сарын 28

Хурдан морь сонирхогчдын гарын авлага болсон “Тод магнай” сэтгүүлийн шинэхэн дугаар хэвлэлтээс гарч уншигчдын гарт хүрлээ. 2016 оны анхны дугаарын зочин хойморт  дэлхийн хэмжээний уралдаанд уясан хүлгээ түрүүлгэж,  Монгол уяачийн хийморийг өргөсөн Завхан аймгийн Тэлмэн  сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Энэбишийн Ганбат уригдан оролцож сонирхолтой яриа өрнүүлсэн.  Алдартын уядаг Тод манлайн хээр морь 3-р сард болох Дубайн цомын тэмцээнд урилгаар оролцох болсныг дуулгахад таатай байна.  Та бүхэн Алдартын ярианаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Хол ойрын сонин сайхнаас дуулгадаг “Урт чихт” буланд ММСУХ-ны 20 жилийн ойн баярын цэнгүүн, 2015 оны чансаа өндөр уяачид,  уралдаанч хүүхэд, хүлэг морьдын тухай  мэдээлэл багтсан буй. Хэний ямар хүлэг хэдэн оноогоор хэддүгээрт бичигдсэнийг мэдэхийг хүсвэл 20-37 хуудсыг уншаарай.

Амжилт бүтээл арвин сайхан наадсан эрхмүүдийн тухалдаг “Хийморилог зочин” буланд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, НМСУХ-ны дэд тэргүүн,  аймгийн Алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэн уригдаж, 2015 оны баяр наадмууд болон хүлэг эрдэнэтэй холбогдсон түүхээ хүүрнэсэн. Түүний ярилцлага сэтгүүлийн 38-43 хуудсанд  нийтлэгджээ.

Морь уях их хэрэгт шамдаж буй залуу уяачдад зориулсан “Уяач зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт  МУ-ын Манлай уяач Цэрэндэжидийн Цэнд-Аюуш уригдан “ Соёолон насны  морьдын уяа сойлгын онцлог” сэдвээр зөвлөгөө өглөө. Асуулт илгээсэн уншигчид хариултаа 44-47 хуудаснаас уншаарай.

“Цуутай хүлгийн аатай түүх” буланд  улсын баяр наадамд дөрвөнтөө айрагдсан Завхан аймгийн Отгон сумын уугуул Жалбуугийн Гансүхийн хурдан ногоон морины түүх нийтлэгджээ. Олноо “Гүнтийн ногоон” хэмээн алдаршсан хурдан хүлгийн тухай мэдээлэл уншигч таны таалалд нийцэх бизээ.

“Нэрт уяачийн түүх” буланд  Боржигоны нэрт уяачдын нэг  хонгор Морьтын Цэнд агсаны талаарх дурсамж нийтлэгдсэн. Түүний нэртэй хурдан  зээрд морь АХ-ын 33, 39 жилийн ой төрийн их баяр наадмуудад түрүүлж байсан бөгөөд Буянт-Ухаагийн дэнжид хамгийн хол түрүүлсэн хүлгээр одоо ч нэрлэгдсээр байгаа юм.

Сэтгүүлийн дараа дараагийн хуудаснаас  та бүхэн “Төрийн түмэн эхүүдэд бараалхаж, Аварга малчинтай хөөрөлдсөн хоёр хоног”, Булган аймагт болсон хангайн бүсийн уралдааны дэлгэрэнгүй сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

Сар саатан уншигч танаа хүрдэг  хурдан хүлгийн хийморийн адистай “Тод магнай” сэтгүүлийн энэ удаагийн дугаарыг тоймлоход ийм буюу. Та бүхэн сэтгүүлээ ном худалдаалах цэгүүд болон сэтгүүлийн редакциас худалдан авах боломжтой.

Холбоо барих утас: 9401-2992, 9408-2992

ЭХ СУРВАЛЖ: www.todmagnai.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна