Ч.Сайханбилэг: Жижиг асуудал ярих хэрэггүй

2016 оны 1 сарын 28

18.01

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны цагийн гишүүд сунгаж Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд өөрсдийн саналыг хэлж эхлээд байна. Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганыг хуралдуулан үргэлжлүүлэн хэлэлцэх юм.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 100 хувийн ирцтэйгээр үргэлжилж, Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга дээрх тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ Дубайд зурагдсан Оюутолгойн санхүүжилтийн төлөвлөгөө нь Монголд ногдох ашгийг алсруулсан гэж үзэн, үүний төлөө Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой хэмээн үзсэн юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга нар асуулт тавилаа. Тэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал анх гэрээнд зааснаасаа 3 тэрбум орчим ам.доллараар хэтэрсэн байхад яагаад түүнийг нь бууруулж 30 сая ам.доллар болгосныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бэ гэдэгт хариулт өгөхийг хүсэв.

Үүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ийм асуудалд Засгийн газрын тэргүүн оролцдоггүй юм” гэсэн хариулт өгсөн бол “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд “Оюутолгойн  хөрөнгө оруулалтын зардлыг хянахаар 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсэг 1.4 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн. Гэхдээ тэдний дотор хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулалтын гэрээнд заасан зүйлүүдийг ойлгоогүй хүмүүс байсан учраас зөрчлийн тоо ингэж гарсан. Анхан шатны бүртгэл материал тэр бүгдийгээ дахин үзэж нягталснаар хөрөнгө оруулалтын зардал 30 гаруй сая ам.доллараар хэтэрсэн гэх дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг Сангийн яамны дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөр хянан баталгаажуулсны үндсэн дээр хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хэтэрсэн зардлыг нь хөрөнгө оруулалтын зардал биш гэж үзэх үндэслэл байхгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна