Өрсөлдөөний орчныг хэрхэн зохицуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Өрсөлдөөний орчныг хэрхэн зохицуулах вэ?

Монгол Улс 1993 онд Өрсөлдөөний хуулиа баталж, 2010 онд дахин шинэчилсэн. Өрсөлдөөнийг зохицуулдаг олон улсын практик дээр тулгуурлан өөрчлөлт хийсэн гэдэг. Гэвч жижиг, том аж ахуйн нэгжүүд өдөр бүр нэмэгдэж буй энэ үед өрсөлдөөн ширүүсэж, одоогийн эрхзүйгээр зохицуулах боломжгүй асуудлууд ч үүсэх болжээ. Тиймээс өнөөдөр төрийн байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, шүүх, олон улсын байгууллагынхан уулзаж эрхзүйн орчны шинэчлэлийн талаар ярилцлаа. Өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал нь байгууллагын өрсөлдөөнийг хэрхэн хянаж шалгах вэ. Жишээ нь, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар байгууллагуудын өрсөлдөөнийг зохицуулдаг. Энэ хуульд аливаа байгууллагын өрсөлдөөний шударга байдалд хяналт шалгалт хийхдээ тав хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заажээ. Гэтэл хяналт хийхээ тав хоногийн өмнө мэдэгдчихвэл тухайн зөрчлийг илрүүлэх ямар ч боломжгүй болдог гэж байна.

Жишээ нь хоёр байгууллага үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн тохиолдолд нотлох баримтаар шууд тогтоох боломж байдаггүй гэв. Хоёрдугаарт, төрийн байгууллага өрсөлдөөнийг хязгаарласан тохиолдолд хэрхэн хянах вэ? Энэ асуултын шийдлийг бизнес эрхлэгч, төрийн байгууллагынхан хамтран хайж байна.  Гуравдугаарт, хуулийн нэг зүйл заалт дээр хоёр өөр шийдвэр гаргах тохиолдол байдаг гэв.

Өнөөдөр Монгол Улсад өрсөлдөөний орчин хүнд, бүрхэг гэж хэлэхгүй ч хангалттай түвшинд хүрээгүй гэдгийг салбарынхан тодотголоо. Тиймээс тал бүрийн төлөөлөл тулгамдсан асуудлаа дэлгэн тавьж шийдлийг хайна, мөн хөгжилтэй орнуудын туршлагыг ч нэвтрүүлэх юм байна.

Монгол Улс АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орны туршлагыг өрсөлдөөний зах зээлд шингээх, ялангуяа Япон Улсын сайн туршлагыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.

Б.ЗАЯА

Зурагчлаач: Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж