Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хэн юу хэлэв?

2016 оны 1 сарын 28

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэе.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Манай Ардын нам буурьтай хүчин. Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдыг огцруулах санал тавьчхаад хамаг зүйлийг хамж, шимж ярихаа боль. Ч.Сайханбилэг хариуцлагаа хүлээ. Д.Ганболд та хойшоо ухарсан байна лээ, эхэн үедээ идэвхтэй ажиллаж байсан.  Монголын төрд зөв жишиг тогтооё. Харин өнөөдөр бидэнд энэ бүхнийг тогтоох боломж байхгүй.  МАН-ынхан одоо больё. 3 жилд 3 удаа Засгийн газрыг бужигнуулж байна. Гэхдээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах цаг, асуудал ч биш. Одоо удахгүй сонгууль болох гэж байна. Намайг томилогдсоныхоо дараа огцруулна гэж байхад манайхан аваад үлдсэн. Дараагаар нь огцруулж санаа амарсан байх.  Та нар Ч.Сайханбилэгтэй хүзүү сээрээрээ тэврэлдэж 7-8 сар явчихаад гарангуутаа огцруулна гэхээ боль. МАН-ынхан жүжиглэдгээ больчих. Яах гэж Засагт орж бүтээн байгуулалт саатуулсан юм бэ.  Та нар саналаа татаад авчих.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтээр 6 тэрбум ам.доллар орж ирнэ. Энэ бол Монголын хоёр жилийн төсөв.

УИХ дээр бид энэ асуудлыг 7-8 удаа ярьсан. Ойлголцсон гэж бодсон. Гэтэл бид биесээ итгүүлэхгүй юм байна. Оюутолгой Монголын талд 53 хувийн ашиг өгнө. Энэ төсөл явна гээд бизнесийнхэн дунд хүлээлт үүссэн. 2000 хүн ажлын байртай болох гэж байна. бид 1.4 тэрбум долларын тавны нэгийг төсөвтөө аваад хэрэглэчихсэн. Бүх зүйлийг мэдэж байж хоосон улс төр хийж байна. Өмнөговь аймгийг очоод үз, далд уурхай ажиллаасай гэсэн ард иргэд зах дээр нь олон бий.

О.Содбилэг таны 34 хүртэл хувийг нь эзэмшдэг “Петровис” Оюутолгойд 274 тэрбум 500 сая төгрөгийн бензин нийлүүлсэн. Тэгсэн хэрнээ том төслийг явуулахгүй гээд сууж байна. Гүний уурхайн явцад 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага гарах байх. Боломж гарна гэж харж байгаа. Гүний уурхайн төсөл 2-3 жил зогссоноос 3 тэрбум ам.доллар алдсан гэсэн судалгааг гадаадын шинжээчид гаргасан. Алдагдсан боломжийг хэн ч ярьдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Оюутолгой бол улс төрийн асуудал биш. Цэвэр бизнесийн асуудал.  

УИХ-ын гишүүн Н.Батбаяр:

-Ардчилсан нам эрийн цээнд хүрсэн. Шалих, ялихгүй асуудлаар Засгийн газрыг огцруулж чадахгүй шүү. Өөрсдийгөө дуусгачихъя гэж бодоогүй бол битгий ингэ. Саналаа татаад авчих.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Оюутолгойг зогсоох гээд эсэргүүцээд байгаа юм алга. Урьд өмнө УИХ-аас гаргасан хууль, тогтоол зөрчигдсөн учраас энэ асуудлыг яриад байна. Төсөл зөв явах ёстой. С.Батболдын Засгийн газрын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулагчтай ярьсаар гэрээнд нааштай ахиц гарсан. УИХ урьд гаргасан шийдвэрээ зөрчиж болохгүй гэдэг үндэслэлийг гишүүд тавьж байгаа. Монголд хууль дээдлэх ёс байхгүй боллоо. Юм хийхэд хууль зөрчих юу юм бэ гэж ярьж байгаа. Хуулийн хүрээнд ажиллах ёстой. Н.Алтанхуяг хичээл заах хэрэггүй. 2011 онд Засгийн газраа хаяад гарч байсан шүү. Хүнээ хүн шиг амьдруулна гэсэн гараад асуу даа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-МАН-ыг Засгийн газрыг огцруулдаг гэж яриад байх юм. 1996-2000 онд Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байсан. Тэр үед хамгийн олон Засгийн газар огцорч байсан.

2008 онд МАН Засгийн газрыг байгуулахдаа цөөнхийн бүлгээ уриад том асуудлаа шийдэж байсан. Гэтэл тухайн үеийн Шадар сайд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 3.6 жил хамтарчхаад хаяад гарсан.

Өнгөрсөн жил МАН Засгийн газарт хамтарсан, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд манай бүлгийн хуралдаанд орж ирээд  олон цаг гуйсан. Урьж Засгийн газартаа оруулчхаад дараа нь хөөсөн шүү. Тийм байтал битгий энхийн цагаан тагтаа шиг юм бүү ярь.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна