Х.Баттулга гишүүн ирсэнгүй

2016 оны 1 сарын 28

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар МАН-ын авсан тав хоногийн завсарлага авсан ч дуусаж, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүд ширүүхэн үг шидэлцэн хэлэлцэж, мэтгэлцсэний эцэст Засгийн газрыг үлдээх нь зүйтэй хэмээн үзэж Г.Уянга нарын өргөн барьсан төслийг дэмжээгүй юм. Гэхдээ түүнийг огцруулахгүй гэсэн санал огцруулна гэснээсээ ердөө ганцаар илүү байлаа. Үүний дараа УИХ-ын чуулганаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Засгийн газрыг авч үлдэх үү, шинээр байгуулах уу гэсэн эгзэгтэй мөчид 76 гишүүний 75 гишүүн нь хурлын танхимд сууж байна. УИХ-ын чуулганы ирц тэднийг тангараг өргөснөөс нь хойш бараг ингэж бүрдэж байгаагүй. Байнгын хорооны ирц ч ингэж бүрдэж байгаагүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц 100 хувь, дээр нь уг байнгын хороонд хамаардаггүй гишүүд хүртэл орж ирж, Ерөнхий сайдаа огцруулах асуудалд дурлав.

Харин УИХ-ын 76 гишүүнээс энэ хуралд оролцоогүй цорын ганц гишүүн нь хэн бэ гэхээр Х.Баттулга байв. Х.Баттулга сүүлийн үед “Монгол тулгатны 100 эрхэм”, “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн зургийн даргаар ажиллаад завгүй байгаа бололтой. Эсвэл Ерөнхий сайдын асуудал түүний сонирхлыг татсангүй юу. Ямартай ч тодорхойгүй шалтгаанаар хуралдаа ирээгүй эрхэм гишүүнийг эрэл сурал болгон хайсан сурагтай.     

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна