С.Бямбацогт: Бодлогын алдаа ард түмнийг туйлдууллаа

2016 оны 1 сарын 28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлэхийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бүлгийн санал дүгнэлтийг танилцууллаа. Энэхүү санал дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

                                                                                                                                 2016-01-28

            Улсын Их Хурлын дарга,

            Эрхэм гишүүд ээ,

 

Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулахаас эхэлсэн буруу бодлого Шийдлийн Засгийн газрыг дамнан үргэлжилж байна. Эрх баригчдын хэрүүл тэмцэл, үл ойлголцол, бодлогын алдаа улс орныг туйлдуулж, ард түмнийг доройтууллаа. Монгол Улс өнгөрч буй 4 жилд эрчимтэй хөгжлөөс ухралт руу, улстөрийн итгэлцлээс засаглалын хямрал руу, өсөлтөөс уруудалт руу, хөрөнгө оруулалтаас хөрөнгө гадагшилт руу шилжлээ. Та бүхнийг өнгөрсөн 4 жилийн турш ард түмнээ "ХҮН ШИГ АМЬДРУУЛЖ, УЛС ШИГ ХӨГЖҮҮЛЖ " чадсангүй гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж байна.

Шинэчлэлийн гэх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдох үедээ “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” хэмээн гурвантаа хэлж гарч ирсэн. Харамсалтай нь эдийн засгаа сэргээх, иргэд, аж ахуйн нэгжээ хямралыг сөрөхөд эдийн засаг гэж үгээ гурав давтсанаас өөрөөр бодитой дэмжлэг, бодлого явуулж чадсангүй.

Одоогийн Засгийн газрыг “дэмжлэгтэй Засгийн газар”, “шийдлийн Засгийн газар”, “шуурхай Засгийн газар” байх болно хэмээн тодорхойлж байсан. Гэвч шийдлийн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр, арга хэмжээ, гарсан үр дүнг дүгнэж үзвэл хэлсэн шигээ дэмжлэгтэй, шийдвэртэй, шуурхай байгаагүйг нотлон тайлбарлая.

УЛС ОРОН ӨР ЗЭЭЛЭНД БАРИГДЛАА

Монгол Улсын Засгийн газар зөвхөн өр, зээл л хөөцөлдсөөр ирлээ. Тухайлбал Энэтхэгээс 1 тэрбум ам.долларын, АНЭУ-аас 1 тэрбум ам.долларын, БНХАУ-аас 1 тэрбум ам долларын зээл авах болсон тухайгаа л сурталчилж ирсэн. Одоо 850 сая ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байна. Тэгээд "өр, зээл авах гэж байхад Засгийн газрыг огцруулах гэж байна", "Засгийн газар нь огцрох гэж байгаа Монгол Улсын бондыг хэн авах юм" гэх мэтээр эрх баригчид Та бүхэн нууцаар өр зээл авах гэж байснаа зарлан, арга ядсан улс төр хийх боллоо.

Монгол Улсын нийт гадаад өр 2015 оны 3 дугаар улирлын байдлаар 21,5 тэрбум доллар буюу ДНБ-ийн 180 хувьд хүрсэн нь дэлхийд гадаад өрийн хэмжээгээр 2 дугаар байранд орлоо.  Засгийн газар 2016 оны улсын нэгдсэн төсвийн орлогын 37 хувьтай тэнцэх буюу 2,6 их наяд төгрөгийг гадаад, дотоод зээлийн хүү, үндсэн төлбөрт төлнө. Үүнээс зөвхөн зээлийн хүүнд 947,8 тэрбум төгрөг төлөх болсон нь 2011 оны төсвийн зээлийн хүүгийн төлбөрөөс 26 дахин их буюу 2600 хувиар их байна. Гэтэл Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар өмнөх засгийн алдааг давтан “шинээр өр зээл” тавих асуудлыг хамгийн шуурхайгаар шийдэн ард түмнээсээ нуун их хэмжээний зээл дахин авахаар улайрах явдлыг таслан зогсоохын тулд огцруулах нь зүйд нийцнэ хэмээн үзэж байна.

Монголбанк сүүлийн 3 жилд дангаараа Чингис, Самурай бондыг нийлүүлсэнээс их буюу 2 тэрбум орчим ам.долларын зээлийг БНХАУ-ын Ардын банкнаас юаны своп хэлцэл нэрээр жилийн 5 орчим хувийн хүүтэй зээлээд байна. Монголбанкны гадаад өр сүүлийн 4 жилд 8 дахин нэмэгдэж, аюулын дохио өгөх болов. Ипотекийн, ЖДҮ, хэрэглээний, цалингийн, тэтгэврийн зээлтэй иргэдийн тоо сүүлийн 4 жилд огцом нэмэгдэж 1 саяд хүрлээ. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн хоёр хүний нэг нь ямар нэгэн зээлтэй боллоо. Улс нь өртэй, иргэд нь зээлтэй болж хувирлаа. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "Мүүдис" агентлаг дахин нэг шатаар буулгалаа. Өнгөрсөн 4 жилд Монгол Улсын зээлжих зэрэглэл 4 дахин буурлаа. Энэ хэний ГАВЬЯА ВЭ? гэж ард түмэн Та бүхнээс асууж байна. Саяхан Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумаас сурвалжлага хийсэн гадны сэтгүүлчид "Дэлхийн эдийн засгийн форумд Монголыг хамгийн ихээр мөнгө гуйж яваа улс" гэж тохуурхан зарлаж байна. ДАВОС-ын чуулган буюу дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан хөрөнгө оруулалтын эрсдлийн судалгаанд Монгол Улсыг эрсдэлтэй, засаглалын үймээн самуунтай орны ангилалд оруулчихлаа. Энэ ангилалд иргэний дайн, дотоодын мөргөлдөөний мөр нь арилаагүй Пакистан, Тунис, Танзани улсууд л бичигдэж байна. Улсаа ийм орнуудтай мөр зэрэгцүүлэн дэлхий дахинд сөргөөр ойлгуулсныхаа төлөө энэ Засгийн газар ард түмнээсээ уучлал гуйн сайн дураараа огцрох ёстой.  Улс орны гадаад харилцаа сүүлийн 4 жилд сулран ганхлаа. Хамгийн сүүлд ГХ-ны сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий сайддаа захидал бичиж, хоёр хөршийнхөө хооронд хов хутгасныхаа төлөө сахилгын шийтгэл хүлээлээ. Төрийн сайд нь ийм хандлагатай байхаар улс орны гадаад харилцаа өргөжин бэхжихгүй гэж бид үзэж байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХАЛЖ, ЦАЛИНГИЙН САНГ 10 ХУВИАР ХАСЛАА

Өмнөх жилүүдэд төрийн албан хаагчдын тоо жилд дунджаар 7 мянгаар нэмэгдэж байсан бол 2014-2015 онд 14 мянгаар өслөө. Сонгуулийн дараахан бужигнаад тогтворждог байсан төрийн албаны шилжилт хөдөлгөөн 2012 оноос тогтворжих нь бүү хэл 2013, 2014 онуудад ч тасралтгүй нэмэгдэж, 2013 онд 11.5 хувь, 2014 онд 13 хувь нь шилжилт хөдөлгөөнд орлоо. Энэ байдалд дүгнэлт хийсэн Төрийн албаны зөвлөл 2015 онд анх удаа төрийн албан хаагчдын тогтворгүйтэл үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрснийг тайлагнав.

Төрийн мэргэшсэн албыг бужигнуулахад гол нөлөөлсөн зүйл нь Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байхдаа төрийн албанд шалгалт өгөөгүй  иргэнийг “түр орлон гүйцэтгэгч”-ээр тавих боломжийг нээж хууль зөрчсөн. Түр орлон гүйцэтгэгчдийн тоо 4000 хол давлаа. Олон жил тогтсон бүтэцтэй явж ирсэн Гааль, татварыг нэгтгэн самарлаа. Төрийн бүтцийг улс эх орны эрх ашигт биш АН-ын удирдлага, фракцийн эрх ашигт нийцүүлэн салгаж нийлүүлдэг боллоо.

Цалин нэмэгдээгүй байхад 2012 онтой харьцуулахад 2016 онд төрийн албан хаагчдын цалинд 800 тэрбум төгрөг нэмэхээр болтлоо төрийн алба томорлоо. Төрийн албан хаагчдын цалинг 2016 онд 10-30 хувиар бууруулах төсвийг боловсруулан цалингийн санг 10 хувиар хаслаа. Ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг амласандаа хүрч нэмсэнгүй. Нийт оюутны 70 хувь нь 70.000 төгрөгөө авч чадахаа болилоо. Төрийн албан хаагчдын цалин, хүүхдийн мөнгө, оюутныхаа урамшууллыг нэмж чаддаггүй юм бол битгий хасаач ээ гэсэн ард түмнийхээ үгийг Та бүхэнд уламжилья. Сонголтын ГАВЬЯА болох шийтгэлийг ард түмэн хангалттай амслаа. Сонголтынхоо шийтгэлийг дөрвөн жилийн турш амсаж байгаа ард түмэн сонгуулиар биш одоо ч хариуцлага тооцохыг шаардаж байна.

Засгийн газар бодлого биш томилгоо л ярьдаг боллоо. Ард түмний эрүүл мэндийг хамгаалах чухал үүрэгтэй сайдаа томилж чадалгүй 4 сар гаруй боллоо. Дархан-Уул, Говь-Сүмбэр, Дорнод, аймгийн Засаг даргыг томилох асуудалд хууль зөрчин орон нутагт тогтворгүй байдал үүсгэлээ. Энэ бүхнийг дүгнэж үзвэл Ч.Сайханбилэг Та Ерөнхий сайдаар ажилласан жил гаруй хугацаанд улс орныг хөгжүүлэх бодлого, шинэ үзэл санааг дэвшүүлсэнгүй. Сандал ширээ, албан тушаалын хэрүүлийг л хийсээр ирлээ. Сандал суудлаа олоод суучихаж чадахгүй ийм танхимаас том бодлого, зөв шийдэл эерэг үр дүн хүлээх боломжгүй гэж бид дүгнэж байна.

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ ГААРЧ, АЖИЛГҮЙДЭЛ ЯДУУРАЛ ГАЗАР АВЛАА

Ард түмний амьдрал ядуурсантай холбогдон гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж байна. Банкуудаас эхлээд ахмадуудыг хүртэл дээрэмдэх хэргүүд гарч эхэллээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 27.800-д хүрч 4 жилийн өмнөхөөс 45 хувиар өслөө. 

“Авлигачидтай дайн зарлаж” 2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон эрх баригчид маань авлигадаа өөрсдөө бүрэн идэгдэж, "дайн"-даа ялагдлаа. Цэвэр агаар сан, Төмөр зам, Нүүрс хөтөлбөр гээд төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон авлига, албан тушаалын гэмт хэргүүд шил шилээ даран гарч, хохирол нь хэдэн зуун тэрбумаар тооцогдож байна. Төрийн өндөр албан тушаалтнууд, яам тамгын газрын тансаглал ихээхэн анхаарал татаж, олон түмнийг бухимдуулж эхлээд удлаа. Хууль хяналтын байгууллагууд шилэн дансны мөрөөр эрчимтэй ажиллах шаардлагатай тулгарлаа. 

Шийдлийн Засгийн газрын танхимын сайд авлигын хэргээр баривчлагдан шалгагдсан нь Монголын улс төрийн түүхэнд гарсан анхны гутамшигтай үзэгдэл боллоо. Засгийн газрын сайд С.Баярцогтыг огцруулах санал тавьсан үед маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэцийг Lexus-570 машинаар хахуульдсан гэж үзэхээр үйлдэл гаргалаа. Улс орны нэрээр зээлж авсан Чингис, Самурай бондуудыг тойрсон авлигын асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж эхэллээ. Эрх баригчид авлигатай эвлэрч, авлигатай найз нөхөд болсон нь Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын хэргүүдийг хамруулах гэж хаваржин,  зунжин, намаржин улайран зүтгэж байснаар нотлогдоно. Эрх баригчид Та бүхэн Нийгмийн даатгалын санг сүлжээний бизнес болгож хувиргасан талаар хэвлэлүүд шуугиж байна. Энэ тухай саяхан АН-аас гарч байгаагаа зарласан Б.Баабар "Бурхан минь, биднийгээ дээрэмчдээс салгаж авраач" гэсэн нийтлэл бичиж өнөөгийн эрх баригчид Та бүхний үнэн дүр төрхийг ил тодоор илэрхийллээ.

АРД ТҮМНИЙ НУРУУГ БӨХИЙЛГӨЖ, АЛБАН ТУШААЛТНУУДЫН НУРУУГ ТЭНИЙЛГЭХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ОЛУУЛАА ХҮЧ ТҮРЭН БАТЛАДАГ БОЛЛОО

Дөрвөн жилийн өмнө Монголын эдийн засгийг дэлхийд гайхагдсан өндөр өсөлттэй, өөдрөг тэмүүлэлтэй гэж тодорхойлж байлаа. Тэгвэл өнөөдөр Монголын эдийн засгийг эрх баригчид өөрсдөө "хэвтрийн эдийн засаг" гэж тодорхойлох боллоо. Улс орны эдийн засгийг хэн ийм байдалд оруулав гэдгийг ард түмэн ОЛУУЛАА эргэцүүлж байна. Харин эрх баригчид эдийн засгаа хэвтэрт оруулсан ГАВЬЯА ХЭНИЙХ ВЭ? хэмээн асуух боллоо.  

МАН Засгийн газрыг хүлээлгэн өгөхөд 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг Н.Алтанхуяг 7.8 болгож унагасан. Харин Ч.Сайханбилэг 7.8 хувиас 2.3 хувь болгож нураалаа. Алдаатай бодлого ирэх жил ч үр нөлөөгөө өгч манай эдийн засгийг 0.6 хувь хүртлээ унахыг Олон улсын валютын сан, Дэлхийн банк анхааруулан санууллаа. Дөрвөн жил хүрэхгүй хугацаанд эдийн засгийн өсөлтийг 8 дахин буурууллаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2014 оноос 4 дахин багаслаа. Экспортын хэмжээ сүүлийн нэг жилд 19 хувиар буюу 1.1 тэрбум ам.доллараар, импорт 27.5 хувиар буюу 1.4 тэрбум ам.доллараар буурлаа. Жилийн дотор банк санхүүгийн системийн эрсдэл өсч, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 3,2 дахин, чанаргүй зээлийн хэмжээ 32 хувиар нэмэгдлээ. Банкны системийн зээлийн өрийн үлдэгдлийн 14.4 хувь буюу 1,7 их наяд төгрөг эрсдэлд ороод байна. Төгрөгийн ханш 2012 оноос хойш ам.долларын эсрэг 50 орчим хувиар суларлаа. Гадаад валютын нөөц 2012 оноос хойш зогсолтгүй буурч өдгөө импортын 3 сарын хэрэгцээг ч хангаж чадахгүй хэмжээнд хүртлээ багаслаа. Нэгдсэн төсвийн орлого уламжлал мэт 1 их наяд гаруйгаар тасарч 2015 оны төсөвт 2 удаа, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд 3 удаа тодотгол хийлээ. Сар гаруйн өмнө тодотгосон төсвийн орлого дахин 100 тэрбум төгрөгөөр тасрав. Эрх баригчид Та бүхэн нэг сарын өмнө батлуулсан төсөвтөө одоо тодотгол хийх тухай ярьж байгаа нь аль хэр алсын хараатай бодлого явуулж байгааг харуулах нотолгоо болж байна.

Газар тариалангийн салбар нуран уналаа. "Атрын аян"-ны үр дүнд үр тарианыхаа хэрэгцээг дотоодоосоо хангадаг байсан манай улс сүүлийн хоёр жилд гадаадаас 190.000 тн үр тариа авах шийдвэр гаргалаа. Улиран одож буй онд өмнөх жилээсээ 2.4 дахин бага ургац авлаа.  Мал аж ахуй, эрүүл мэнд, төсөв санхүү, барилга, гадаад харилцаа, нийгмийн хамгааллын салбар бүхэлдээ эрсдэлд орлоо. Эдийн засагт үүссэн доргилт нийгмийн бүхий л салбарт хүрээгээ тэллээ. Энэ бүхний хариуцлагыг одоо биш сонгуулиар хүлээнэ гэж мэдэгдэл хийж байгаа Та бүхний үйлдлийг шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Монгол Ардын Намын бүлэг Оюутолгойн гэрээг байгуулахаас эхлээд бүтээн байгуулалтын бүхий л ажлуудыг дэмжсээр ирсэн. Оюутолгой төсөл нь Монголын хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт бид итгэдэг. Оюутолгойн төсөлтэй холбогдуулан ҮАБЗ-өөс зургаан шийдвэр, зөвлөмж, УИХ-аас дөрвөн тогтоол, Засгийн газраас 13 тогтоол гарсан. Эдгээр тогтоол, шийдвэрүүд нь Монголын эрх ашгийг хамгаалахад зориулагдсан. Харамсалтай нь Шийдлийн Засгийн газрын тэргүүн ҮАБЗ-ийн зөвлөмж, УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг ханган биелүүлэх тал дээр туйлын хангалтгүй ажилласан. Тэр ч бүү хэл УИХ-аас чиглэл авалгүй дур мэдэн Арабын Нэгдсэн Эмират Улсад очин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө гэгчид гарын үсэг зурахдаа ил тод байх, хамтаараа хэлэлцэх, шийдэх зарчмыг огоорч гарын үсэг зурсан нь маш том алдаа болсон гэж үзэж байна. 

Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болон эрх баригчид олон түмний сэтгэл зүйгээр тоглож ард иргэдээ талцуулах, төөрөгдүүлэх бодлого шийдвэр олонтаа гаргалаа. Тухайлбал, Ерөнхий сайд Та нэгд, "1 тэрбум ам.долларын мах гаргана" гэж малчдыг хуураад одоо болтол амласандаа хүрээгүй. Хоёрт, 297 мянган хүүхдийг судалгаанд огт хамруулаагүй хүүхдийн мөнгө авах эрхийг хязгаарлаж ард түмнээ бухимдууллаа. Өөрөөр хэлбэл 297 мянган хүүхдийг хүний тооноос хаслаа. Үүний уршгаар 2016 онд нийт хүүхдийн 40 гаруй хувь нь хүүхдийн мөнгө авах боломжгүй төсөв батлуулсан. Гуравдугаарт, Тавантолгойн ордын асуудал шийдэгдэхээр боллоо, энэ ордоос эхний ээлжинд иргэн бүрт 100 мянган төгрөг олгоно гэсэн боловч өнөөг хүртэл амласандаа хүрсэнгүй. Дөрөвдүгээрт, төрийн байгууллагын аль нэг байранд 150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулж 2015 оны 2 сарын 01-ний дотор үйл ажиллагааг нь эхлүүлнэ гэсэн өнөөг хүртэл шийдэгдсэнгүй. Тавдугаарт, зүгээр явж байсан 8 хувийн зээлийг зогсоож, 5 хувь болгох амлалтыг өгүүлсэн. Одоо 5 хувь болгох ажлаа эхлээгүй л байна. Зургаадугаарт, бүтэн зургаан жил цаасан дээр гацсан төмөр зам хөрсөн дээрээ баригдаж дуусна гэсэн. Одоо баригдах нь битгий хэл цаасан дээрээсээ ч алга болсон гээд олон жишээг дурдаж болно.

Мөн “би нэг ч татвар нэмэхгүй” хэмээн УИХ-д мэдэгдэл хийж байсан ч олон татварын хувь хэмжээг нэмэгдүүлэн ард түмэн, аж ахуйн нэгжийн халаас руу гараа дүрсэн бодлого явуулсан. Тухайлбал,  Хөрөнгийн албан татварын тухай хуулиар бууны, малын хөлийн, автомашины, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэн. Шинээр нийслэлийн албан татварыг санаачлан 1.0 хувиар тогтоосон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулж торгуулийн хэмжээ 9600 төгрөг байсныг 768.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Цахилгааны суурь хураамжийг 2 дахин нэмэгдүүлж, үнийг нь 20.8 хувиар, дулааны үнийг 15 хувиар, цэвэр усны үнийг 71 хувиар, бохир усны үнийг 88 хувиар нэмсэн. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд шатахууны онцгой албан татварын дээд хязгаарыг 3 дахин нэмэгдүүлсэн. Ард түмний нурууг бөхийлгөж албан тушаалтнуудын нурууг тэнийлгэх шийдвэрүүдийг ОЛУУЛАА хүч түрэн батлуулсан. Хэлсэн болгон нь хэрэгждэггүй, худлаа ярьдаг, хууран мэхлэж ард түмнийхээ сэтгэл санаагаар нь тоглодог Ерөнхий сайдтай байхыг бид зөвшөөрөхгүй.

Ерөнхий сайд таныг "дэлхийд хямдарсан бензинийг Монголд үнэтэй байлгадаг нь популизм", "1 тэрбум ам.долларын мах гаргана", "хүн бүрт 100.000 төгрөг хуваарилах боломж байна", "энэ хямралыг бид өөрсдөө бий болгосон" гэх мэтээр хэлж байсан үгэндээ эзэн болохыг анхааруулан сануулж байна.

Эцэст нь нэг зүйлийг онцлон дурдья. 2014 оны 12 дугаар сараас МАН-ын бүлгийн гишүүд дэлхийн зах зээл дээр хямдарч эхэлсэн шатахууны үнийг буулгах санаачилгыг гаргасан. Энэхүү санаачилга, шаардлага одоо ч бодитойгоор хэрэгжихгүй байна. Шатахууны үнийг 250-иас 400 төгрөгөөр бууруулах боломжтой. Тиймээс дэлхийн зах зээлийн үнэд нийцүүлэн шатахууны үнийг буулгахыг дахин шаардаж байна. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тэтгэврийн, ЖДҮ-ийн, хэрэглээний, малчны зээлийн хүүг буулгах санаачилгуудыг ч дэвшүүлсэн. Энэ санаачилга, шаардлагуудыг цагаан сарын өмнө яаралтай шийдвэрлэн ард түмнийхээ амьдралд тус дэм болцгооё. Бас Та бүхэн ипотекийн зээлийн хүүг 8-аас 5 хувь болгон бууруулахаа амласан. Энэ амлалтандаа хүрч цагаан сарын өмнө асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардаж байна. Ямар нэгэн шалтаг, шалтгаан тоочиж хойшлуулах ёсгүй гэж бид үзэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Эрх баригчид сонгууль хаяанд ирсэн учраас Засгийн газрыг огцруулж хэрэггүй гэдэг сурталчилгааг өнгөрсөн хэд хоногт бялууртал нь явууллаа. Хариуцлагагүй байдлыг сонгуулийн чимээнээр хаацайлж болохгүй. Нэг өдөр, нэг хормын өмнө ч хямрал хүндрэлээс гаргах зөв алхам, эерэг шийдвэрийг гаргамаар байна. Ерөнхий сайд хамгийн сүүлд ард түмэндээ хандаж үг хэлэхдээ "цаг бага үлдлээ гэдэг нь шалтгаан биш шалтаг" гэж тодорхойлсон. Бид ч бас сонгууль дөхсөн учраас Засгийн газрыг огцруулж болохгүй гэж ярих нь шалтаг гэдэгтэй санал нэг байна. Бид Засгийн газрыг огцруулах шалтгийг биш шалтгааныг ярьж байна.

Ерөнхий сайд Та Засгийн газрынхаа 100 хоног дээр "өөрийн гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг, Монгол түмнийхээ өмнө, түүхийн өмнө, цаг хугацааны өмнө би бүрэн хүлээх болно" гэж мэдэгдэж байсан. Тэгвэл таныг одоо цаг хугацааны өмнө, ард түмнийхээ өмнө, түүхийн өмнө хариуцлагаа хүлээхийг шаардья.

Бид улс төрийн оноо авахын тулд Засгийн газрыг огцруулах гээд байгаа юм биш ээ. Зөвхөн улс эх орныхоо эрх ашгийг хамгаалах, ард түмнийхээ амьдрал, эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөгийн түвшинд л барих гэж эрмэлзэж байгаа юм. Улс оронд үүссэн одоогийн нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд Засгийн газрыг цаашид ажиллуулах боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санаачилгыг дэмжихээ УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг илэрхийлж байна.

Эрх баригч намын УИХ-ын гишүүд Та бүхэн ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх вий гэж болгоомжлон намынхаа даргын барьцаанд орох биш өдөр бүр амьдрал нь доройтсон ард түмнийхээ эрх ашгийн талд зогсож сонголтоо хийхийг уриалж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна